Т.Отгонбаатар: П.Наранбаяр сайдын хүзүү улайж хавдсан ч бид хоёрын зүгээс А.Отгонбаатарт гомдолгүй гэж цагдаад мэдүүлсэн /ВИДЕО/

Т.Отгонбаатар: П.Наранбаяр сайдын хүзүү улайж хавдсан ч бид хоёрын зүгээс А.Отгонбаатарт гомдолгүй гэж цагдаад мэдүүлсэн /ВИДЕО/

Өнгөрсөн даваа гарагт /2024.09.16/ Боловсролын сайд П.Наранбаяр "45 хоногийн сургалтад хамруулж багшлах эрхийн үнэмлэх олгох" тухай асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар нь түүн рүү өндөг шидэж улмаар хэвлэлийн төлөөлөгчтэй нь маргаан үүсгэсэн юм. Олны анхааралд өртөөд буй уг асуудлаар П.Наранбаяр сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар доорх тайлбарыг өглөө. Тэрбээр ёс зүйгүй үйлдлийг дэвэргэсэндээ олон нийтээс уучлал  хүссэн нь энэ ярилцлагын гол зорилго болно. 

ВИДЕО:

-НАМАЙГ ЦОХИХ ГЭХЭД НЬ БУЛТАЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХАМГААЛАХ ОРОЛДЛОГО ХИЙСЭН-

-Та  хэрэг тарьчихлаа. “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарын үйлдлийг таслан зогсоохын тулд түүнд гарч хүрч харилцан зодоон хийсэн. Гар зөрүүлэлгүй асуудлыг шийдэж болсонгүй юу гэх олон нийтийн шүүмжлэл байна?

- Намайг Төмөрсайханы Отгонбаатар гэдэг. Боловсролын сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг. Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт багшлах эрхийн гэрчилгээг 45 хоногийн кредит сургалтаар олгох  шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой тодруулга, мэдээллийг олон нийтээс хүссэн учраас өнгөрсөн даваа гарагийн 10:30 цагт хэвлэлийн хурал зарласан. А.Отгонбаатарын хувьд хэвлэлийн хурлаас өмнө буюу 09.30 цагт яаманд ирээд “Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлж байна. Тодруулах зүйл байгаа” хэмээн хашгачаад байсан. Миний хувьд сайдтай зөвлөөд “Бас л олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа хэлбэр юм чинь” гээд хэвлэлийн хуралд оролцуулахаар болсон. Ингээд хэвлэлийн хурал эхлээд 10 орчим минут өнгөрч байхад А.Отгонбаатар тайз руу гарч ирээд сайдаас асуулт асууснаа хармаанаасаа нэг зүйл гаргаж ирж шидсэн.

Бүр дахин шидэх гээд байсан учир тайзнаас буулгаж түлхсэн. Гэтэл нөгөө нөхөр урдаас ноцолдоод тэр хооронд би төрийн хамгаалалт дуудсан.  Гэтэл намайг цохих оролдлого хийхэд нь би бултаж гараад өөрийн эрхгүй биеэ хамгаалсан.

-Тухайн үйл явдалтай холбоотойгоор П.Наранбаяр сайд болон таны биед ямар нэгэн гэмтэл учирсан уу?

-Миний биед гэмтэл учраагүй. Харин П.Наранбаяр сайдын чамархай хавьд улайж, хавдсан.

-П.Наранбаяр сайд нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч тус үйл явдал нь дүрс бичлэгт тодорхой бичигдсэн учраас хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас шалгаж буйтай холбоотойгоор та бүхэн шүүх шинжилгээний эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах уу. Таниас болон бусад хүмүүсээс мэдүүлэг авсан уу. Та гэрч, хохирогчийн алинаар нь мэдүүлэг өгсөн бэ?

-Өчигдөр /2024.06.16/ үдээс хойш яаманд ирж надаас хохирогчийн мэдүүлэг авъя гэсэн. Миний  хувьд хохирогчийн мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Сайдаас хохирогчийн мэдүүлгийг авсан. П.Наранбаяр сайдын хувьд болсон үйл явдлыг тайлбарлаад тухай иргэнд гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд шийдвэр гаргах байх.

-Уг нь та бүхэн А.Отгонбаатар гэдэг хүнийг хэвлэлийн статустайгаар хүлээн авч хэвлэлийн бага хуралдаа оролцуулаад асуултанд нь хариулахаар тохирч, нээлттэй хандсан юм байна гэж ойлголоо. Гэтэл энэ хүн ёс бус үйлдэл гаргасан нь ямар учир, зорилготой байсан гэж та харж байгаа вэ. Хувь хүний өс хонзонгийн асуудал та бүхний дунд бий юу?

-Хувь хүмүүүсийн асуудал байхгүй. Улс төрчид, эрх мэдэлтнүүд өөрийн эрхэлж буй ажил үүргийн хувьд олон нийтэд нээлттэй хандах ёстой гэж бид үздэг. Энэ ч үүднээс А.Отгонбаатарыг яамны хэвлэлд нээлттэй оролцуулсан. Гэтэл ёс зүйгүй авирласан. 

- Уг үйл явдалтай холбоотойгоор өчигдрийн хэвлэлийн бага хурлын гол агуулга бүдгэрчихэв үү гэж харж байна. Тэгэхээр 45 хоногт багш бэлтгэх ажлын хүрээнд Боловсролын яамнаас дараагийн шатанд ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

-Цаашид багшлах эрхийн сургалттай холбоотой үйл ажиллагаагаа үргэлжлүүүлээд явна. Ер нь 4200 багшийн дутагдал бий. Багшлах ажиллах хүчний хомстолыг нөхөх, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээний нэг хэсэг нь энэ. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хэрвээ нөөц нөхөгдөөд ирвэл  уг арга хэмжээг зогсооно гэдгээ сайд өөрөө мэдэгдсэн. Процесс үргэлжлээд явна.

-ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗУРААЧ ХҮН 45 ХОНОГИЙН СУРГАЛТАД СУУГААД БАГШЛАХ БОЛОМЖТОЙ-

-А.Отгонбаатар гэдэг хүний хувьд “45 хоногийн сургалтаар багш бэлтгэнэ гэж юу яриад байна вэ.  Түүний оронд цалингаа нэмээч” гэж хэлж байсан. Тэр хүний үйлдэл буруу ч шаардлагыг нь та бүхэн хэрхэн хүлээж  авч байгаа вэ?

-45 хоногийн кредит сургалтаар багшлах эрхийн гэрчилгээ олгоод гэрээт багшийн оронд тоон дээр гэрээ байгуулж ажиллуулна. Энэ бол 45 хоногийн сургалтаар багш болгочихож байгаа асуудал биш. Багшийн мэргэжлийн диплом, үнэмлэх гэдгийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Багшлах эрх олгох тухай яриад байгаа юм. Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн зураач хүн багшлах эрх аваад ажиллаж болно гэсэн үг. Өнгөрсөн баасан гарагт олон нийт дутуу дулимаг мэдээлэл авангуутаа нийгмийн хэлэлцүүлэг болгосон.Харин одоо харьцангуй сайн ойлгосон гэж харж байна.

-Манай сайт хоёр жилийн өмнө бичиж байсан. А.Отгонбаатарын эхнэрийг Хөдөө аж, ахуйн их сургуулийн дэд захирлаар томилсон бөгөөд уг томилгоог хамт олон нь эсэргүүцсэн талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэж байлаа. Тэгвэл П.Наранбаяр сайд Боловсролын сайдаар ажиллаж эхлэнгүүтээ А.Отгонбаатарын эхнэрийг дэд захирлын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм биш биз. Үүнээс үүдэн бухимдсан уу гэх хардлага байна. Тийм үйл явдал болсон уу?

- Энэ талаар надад мэдээлэл байхгүй. Би одоо л сонсож байна. Тэр хүний эхнэр юу хийдэг, ямар ажил эрхэлдэг талаар би мэдэхгүй. П.Наранбаяр сайдын хувьд их, дээд, сургуулиудад ямар нэгэн томилгоо хийгээгүй.

-А.Отгонбаатар нь та бүхнээс уучлалт гуйсан уу?

-Одоогоор холбогдоогүй байна.

-Уучлаарай. Энэ үйл явдал таныг олны танил болгочихлоо. Өмнө нь та “Даргынхаа аавын нутагт” гэсэн пост оруулж олон нийтийн шүүмжлэлд мөн өртөж байсан. Ер нь та өөрийгөө танилцуулаач. Ямар ажил, албан тушаал хашиж энд хүрсэн бэ. ХҮН  намтай яаж холбогдов?

-Өмнө нь бизнесийн салбар тэр дундаа шингэн хүнсний манлай үйлдвэр “АПУ" ХХК-д маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны менежерээр ажиллаж байсан. 2016 оноос хойш хувиараа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөгөө өгөх болон импортын бизнес эрхэлсэн.  ХҮН намд 2020 онд элссэн. Энэ онд ХҮН академи нээгдэж сургалтаа эхлүүлж байхад нь элсэж улс төрийн үйл ажиллагаанд оролцоод явж байна. Ингэхдээ НИТХ дэхь ХҮН намын бүлгийн ажлын албанд ажиллаж байсан. Бүлгийн үйл ажиллагаа болон гишүүдийн тойрог дахь ажил дээр хамгийн сайн оролцоотой ажиллаж ирсэн туршлагатай.

Одоо ХҮН намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүрэгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө.

-Манай Улсын Үндсэн хуулинд УИХ, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан боловч Эрүүгийн хууль болон бусад хуулиар баталгаажуулж, хангаагүй юм байна. Бусад оронд бол парламентын гишүүнийнхээ халдашгүй байдлыг өндөр хамгаалдаг гэдгийг олж мэдлээ. Харин манай улсад хэн нэгэн нь уурлангуутаа УИХ, Засгийн газрын гишүүнийхээ биед халдаад буй үйлдлийг зарим хуульчид парламентын засаглалыг сулруулсан хэлбэр гэж тайлбарлаж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Хүний биед халдана, хүчирхийлнэ гэдэг нь байх боломжгүй үйлдэл. Ялангуяа ардчилсан оронд үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.  УИХ, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хэрхэн хамгаалдаг хуулийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүний эрхэнд, биед халдах нь байж боломжгүй үйлдэл. Улс төрийн хувьд үзэл бодлын хувьд зөрөлдөж болно. Эсрэг байр суурийг илэрхийлэх нь нээлттэй. Гэхдээ хүчирхийлэл үйлдэхийг хортой үйл явдал л гэж хардаг.

Миний хувьд маргаант үйл явдалд ер нь оролцдоггүй. Зодоон хийж байснаа ч санахгүй байна. Өчигдөр өөрийн эрхгүй аргагүй хамгаалалт хийсэн. Нөгөө хүн маань ч их ширүүн юм.  Энэ асуудлыг дэвэргэсэндээ олон нийтээс уучлалт гуймаар байна.

Миний хувьд хүчирхийллээр асуудлыг шийддэггүй. Би зургаан эгчтэй өссөн. Тийм учраас хатуу чанга, хүчирхийлэгч болж өсөх ямар ч боломжгүй. Миний эргэн тойрныхон намайг мэднэ. 

-Ярилцсанд баярлалаа.