АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампын гольф тоглож байсан гольфын клубын ойролцоо буун дуу сонсогдсон талаар өнөөдөр /2024.09.16/ олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Д.Трамп халдлага болсон газраас хэдэн зуун метрийн зайд байсан бөгөөд тэрээр аюулгүй байгаа гэсэн бол АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэ үйл явдлыг "аллага хийх гэсэн оролдлого" гэж мэдэгджээ.
Тодруулбал, хэрэг гарснаас хойш дөрвөн цагийн дараа Холбооны мөрдөх товчоо, Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгчдийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, "Д.Трампын тоглож байсан гольфын клубын ойролцоох газраас автомашинд сууж зугтахыг завдсан этгээдийг саатуулж, түүний үлдээсэн калашников төрлийн автомат бууг олсон" гэж мэдэгдсэн байна.
Сонирхуулахад, нэр дэвшигч Д.Трампын хамгаалалтын нууц албаны ажилтны хэлснээр "тэдний нэг нь бутнаас цухуйсан гэмт этгээдийг биеийг харж, хамт ажиллагсдынхаа хамт шууд гал нээсэн" гэжээ.
Дараа нь гэрчүүд халдлага үйлдсэн эрэгтэйг бутнаас гарч, хар өнгийн Ниссан маркийн автомашин руу гүйж очоод машинд суугаад цааш явахыг харсан байна. Цагдаа нар тус этгээдийг хөрш мужийн хурдны зам дээр саатуулсан бөгөөд орон нутгийн цагдаа нарын хэлснээр, "Нууц албаны ажилтнуудын суманд тэрээр оногдоогүй байсан" гэжээ.
Харин Д.Трампын амийг хөнөөх оролдлого хийсэн байж болзошгүй этгээдийн нэрийг хэд, хэдэн хэвлэлүүд нэрлэсэн байна. Тодруулбал, Америкийн хэд хэдэн тэргүүлэх телевиз, сонинууд хууль сахиулах байгууллагын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан баривчлагдсан этгээдийг "Райан Уэсли Роут хэмээх 58 настай, Хавайн оршин суугч" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: BBC