ШУУРХАЙ: Д.Трампын амь насыг хөнөөх гэсэн оролдлого өнөөдөр дахин гарчээ

2024-09-16 10:58

Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа "улс төрийн хүчирхийллийг" буруушааж байна гэж Камала Харрис мэдэгджээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис ням гараг /2024.09.15/-т Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа "улс төрийн хүчирхийллийг" буруушааж буйгаа мэдэгджээ. Камала Харрис, “өнөөдөр /2024.09.15/ Ерөнхийлөгч асан Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсанд би маш их бухимдаж байна. Улс төрийн хүчирхийллийг буруушааж байна. Энэ хэрэг явдлыг дахин гаргахгүйн тулд бид бүгд өөрсдийн үүргээ сайн биелүүлэх ёстой” гэж Ням гарагийн орой Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн тэрээр, "Ерөнхийлөгч асан Д.Трамп аюулгүй байгаад би талархаж байна. АНУ-ын нууц алба болон хууль сахиулах байгууллагуудын сонор сэрэмжтэй байгааг би сайшааж байна" гэж нэмж хэлжээ. 

Эх сурвалж: CNN

 

2024-09-16 10:15

Д.Трампын хөнөөх гэж байсан сэжигтний АК-47 загварын дурантай буу, хоёр үүргэвч, дүрс бичлэгийн камерыг олсон гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Д.Трампыг гольф тоглож байхад нь амь насыг хөнөөхийг завдсан сэжигтний хэрэглэж байсан зэвсэг болон бусад эд зүйлсийг тус улсын хууль сахиулах албаныхан ням гараг /2024.09.15/-т Өмнөд Флорида дахь Олон улсын гольфын клубын ойролцоох бутнуудаас олсон гэж мэдэгджээ. Сэжигтний байсан орчинд АК-47 загварын  дурантай буу, хашаанд өлгөгдсөн хоёр үүргэвч болон GoPro дүрс бичлэгийн камер" үлдээсэн байсан гэж Палм Бич дүүргийн цагдаа Рик Брэдшоу мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN

2024-09-16 10:05

Д.Трампын амь насыг хөнөөхийг завдсан сэжигтэн түүнийг шүүмжилж, "Ардчилал саналын хуудсанд байгаа, бид ялагдахгүй" гэж Х сүлжээнд бичиж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампын амь насыг хөнөөхийг завдсан хэрэг орон нутгийн цагаар Ням гараг /2024.09.16/-т гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Тэгвэл Д.Трампыг амь насанд халдахыг завдсан этгээд түүнийг олон нийтийн сүлжээнд шүүмжилж байсан талаар CNN агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, тус хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй Райан Уэсли Роут нь твиттер буюу Х сүлжээнд К.Харрист хандан "Та Байдентай хамт Трампын жагсаалаас эмнэлэгт байгаа шархадсан хүмүүстэй уулзаж, алагдсан галчийг оршуулах ёслолд оролцох хэрэгтэй. Трамп тэдний төлөө хэзээ ч юу ч хийхгүй” хэмээн бичиж байжээ. Мөн тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард "Америкийг ардчилсан, эрх чөлөөтэй байлга. Трамп Америкчуудыг дахин боол болгох гэж байна. Ардчилал саналын хуудсанд байгаа, бид ялагдахгүй” гэж бичиж байжээ. 

Эх сурвалж: CNN

2024-09-16 08:14

ШУУРХАЙ: Д.Трампын амь насыг хөнөөх гэсэн оролдлого өнөөдөр дахин гарчээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампын гольф тоглож байсан гольфын клубын ойролцоо буун дуу сонсогдсон талаар өнөөдөр /2024.09.16/ олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Д.Трамп халдлага болсон газраас хэдэн зуун метрийн зайд байсан бөгөөд тэрээр аюулгүй байгаа гэсэн бол АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэ үйл явдлыг "аллага хийх гэсэн оролдлого" гэж мэдэгджээ.

Тодруулбал, хэрэг гарснаас хойш дөрвөн цагийн дараа Холбооны мөрдөх товчоо, Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгчдийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, "Д.Трампын тоглож байсан гольфын клубын ойролцоох газраас автомашинд сууж зугтахыг завдсан этгээдийг саатуулж, түүний үлдээсэн калашников төрлийн автомат бууг олсон" гэж мэдэгдсэн байна. 

Сонирхуулахад, нэр дэвшигч Д.Трампын хамгаалалтын нууц албаны ажилтны хэлснээр "тэдний нэг нь бутнаас цухуйсан гэмт этгээдийг биеийг харж, хамт ажиллагсдынхаа хамт шууд гал нээсэн" гэжээ.

Дараа нь гэрчүүд халдлага үйлдсэн эрэгтэйг бутнаас гарч, хар өнгийн Ниссан маркийн автомашин руу гүйж очоод машинд суугаад цааш явахыг харсан байна. Цагдаа нар тус этгээдийг хөрш мужийн хурдны зам дээр саатуулсан бөгөөд орон нутгийн цагдаа нарын хэлснээр, "Нууц албаны ажилтнуудын суманд тэрээр оногдоогүй байсан" гэжээ.

Харин Д.Трампын амийг хөнөөх оролдлого хийсэн байж болзошгүй этгээдийн нэрийг хэд, хэдэн хэвлэлүүд нэрлэсэн байна. Тодруулбал, Америкийн хэд хэдэн тэргүүлэх телевиз, сонинууд хууль сахиулах байгууллагын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан баривчлагдсан этгээдийг "Райан Уэсли Роут хэмээх 58 настай, Хавайн оршин суугч" гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC