Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн хэлэлцээ нь тактикийн бус стратегийн шинж чанартай бөгөөд "ямар нэгэн тодорхой шийдвэр"-ийн тухай биш гэж мэдэгдсэн талаар BBC агентлаг өнөөдөр /2024.09.14/ мэдээллээ.
Учир нь К.Стармерыг АНУ-д айлчлахын өмнө зарим хэвлэлүүд, "тэрээр Жо Байденыг Украинд Их Британиас нийлүүлсэн "Storm Shadow" пуужингуудыг Орос дахь бай руу цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөхийг ятгахыг зорьж байна" гэж мэдээлж байсан юм. Харин К.Стармер Вашингтонд очиж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсний дараа Их Британийн Ерөнхий сайд Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүн дахь бай руу тус улсад бүтээсэн пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрөх эсэх асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Жо Байденыг ятгаж чадсан эсэхийг сэтгүүлчид асуухад К.Стармер "Украин, Ойрхи Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг зэрэг хэд хэдэн чиглэлээр урт, үр дүнтэй хэлэлцсэн" гэж хариулсан талаар BBC агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC