"Самарт яваад "баяжсан" гэх иргэдийн ам дамжсан ярианаас санаа авч ууланд гарч, самар түүхээр ирсэн" хэмээн өгүүлэх иргэд Богд ууланд хэдийнээ төвхнөж, "самар түүх ажил"-даа оржээ.
ВИДЕО:
Уулын бэлээс арав орчим км зайд хүрвэл ногоон өнгийн хулдаасаар хийсэн урц байх бөгөөд гадна талд нь олон шуудай самрыг эгнүүлэн байрлуулсан байх. Мөн тогооны жигнүүр, шигшүүр гэх мэтийн зүйлс, самрын хальс, хоолны үлдэгдэлтэй холилдон эмх замбараагүй харагдана.
Урц дотроос дөнгөж нойрноосоо сэрсэн үү гэмээр хоёр залуу гарч ирэх бөгөөд тэд цагдаагийн алба хаагчдыг гайхах, айх гарцаар ширтэх нь цаанаа л нэг гэмшсэн хүний шинжтэй. Тэд "Хоёр хоногийн өмнө ууланд гарч ирсэн. "Самар өндөр үнээр худалдаж авна", "Самар байнга авна" гэх зар цахим сүлжээнд ихээр явдаг. Тиймээс самар түүж мөнгөтэй болохыг хүссэн. Богд уулнаас самар түүх нь хориотой гэдгийг мэдээгүй" гэцгээнэ. Харин цагдаагийн алба хаагчид "Богд ууланд самар түүж, бэлтгэх нь хориотой" гэдгийг тайлбарлаж, хууль сануулаад уулнаас нэн даруй буулгах арга хэмжээ авсан юм.
Энэ мэт ууланд отоглож, самар түүх иргэд олон. Тэдний тайлбар ч ижил. Амьдралдаа нэмэр болгох зорилгоор самар түүхээр ууланд гарсан иргэдийн отоглож буусан нөхцөл байдлыг бодитоор харсан сэтгүүлч миний хувьд тэднийг өрөвдөж, халаглах сэтгэл төрж байсныг энд нуух юун.
Нөгөөтээгүүр ууланд отоглох иргэд байгаль дэлхийтэй хэрхэн зүй бус харьцаж, самар түүхийн тулд хуш модыг мунаар цохиж, гэмтээн шархлуулсан байдлыг хараад самарчдыг буруутгахаас өөр аргагүй. Хуш мод болгонд шахам үүссэн уг шархнаас давирхай урсах нь "Дахин битгий мунаар цохиоч" хэмээн аврал эрж буйг илтгэх мэт. Мөн хаа сайгүй эмх замбараагүй хаясан хуучин гутал, хувцас, архины шил, халуун савны гэр, гялгар уут гэх мэт хог хаягдлууд энд тэнд хөглөрөх нь самарчдыг буруутгах бас нэгэн шалтгаан яах аргагүй мөн.
Ууланд самар түүж байгаа иргэд энэ мэтээр байгаль дэлхийг сүйтгээд зогсохгүй архидан согтуурч, гэмт хэрэг зөрчил үйлдэх, өөрсдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах явдал цөөнгүй гардаг байна.
Тийм ч учраас Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтран Богд ууланд долоон чиглэлд нэгдсэн хяналт шалгалт хийж, самарчдыг уулнаас буулгах ажлыг ийнхүү зохион байгуулсан юм. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд 27 отогт байрлаж байсан 344 иргэнд мэдэгдэл өгч, хууль тогтоомжид заасан хариуцлагыг танилцуулан уулнаас буулгаж, 21 иргэнээс 15.6 тонн цайруулсан хуш модны самар, муна 19 ширхэг, цайруулах хэрэгсэл 17 ширхэг, ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1, нойтон тарвага 7 ширхгийг хураан авч, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан 1 этгээдийг олж тогтоосон юм.