Швейцар улсын Цюрих хотод мэргэжлийн дугуйн элит, холимог баг, бөөн болон ганцаарчилсан гараатай, өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-29-нд болно.
Энэ тэмцээнд 50 орны 200 дугуйчин эрх авч оролцох бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлага дор нийт 11 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Тэмцээний элит ангилалд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, мэргэжлийн дугуйн Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Б.Тэгшбаяр, УАШТ-ий алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал оролцох бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдана.
Тэгвэл эмэгтэйчүүдээс Ц.Солонго, Ж.Анужин, Б.Энхмаа өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн хурд сорих юм. Онцолбол, Монголын эмэгтэй дугуйчид тус тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөх гэж байна.