Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсантай холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох журмыг өнгөрсөн хоёрдугаар сард баталсны нэг нь Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон юм.
Энэхүү шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа ч олон хүний бухимдлыг төрүүлж, иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг нь зөрчиж байгаа асуудал хэмээн эрс буруутгаж байна. Түүнчлэн улсын дугаар олголтыг зогсоох нь үнийг нэмэгдүүлээд зогсохгүй иргэд автомашин авахдаа үнэтэй улсын дугаар худалдан авах шаардлага үүсэж байгаа юм. Мөн далд эдийн засаг эргэлтэнд орж, хээль хахууль нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй.
Тэгвэл бид энэ удаа автомашины бизнесээр амьдралаа залгуулдаг “Да хүрээ”-ийн автомашины худалдаа эрхлэгчдээс энэхүү шийдвэртэй холбоотой байр суурийг нь тодрууллаа.
ВИДЕО:
Харин тэд дараах тайлбарыг бидэнд өгч байлаа. Тодруулбал, “Энэхүү шийдвэр бидний амьдралд мэдээж сөргөөр нөлөөлнө. Ганц машин зарж байгаа хүмүүс ч гэлтгүй авч байгаа хүмүүс машин унах эрхгүй болж байна гэсэн үг. Автомашин гэдэг бол хэрэглээ. Гэтэл хэрэглээ болчихсон энэ зүйлийг хааж, бооно гэдэг нь Үндсэн хуулиа л зөрчиж байна гэсэн үг шүү дээ. Ер нь нийт иргэд маань сайн ойлгох хэрэгтэй.
Үүнийг дан ганц машин зардаг ченжүүдийн амьдралд нөлөөлнө гэж харж болохгүй. Автомашиныг дагасан маш олон жижиг, том бизнесүүдийг дампууруудах шийдвэр.
Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас автомашин импортолж оруулж ирдэг шүү дээ. Зах зээлийн эрэлтээр зохицуулагддаг зүйлийг захиргааны арга хэрэглэж хүчээр хааж бооно гэдэг нь нэгдүгээрт буруу. Хоёрдугаарт энэ журам нь хүний өмчлөх эрх, эд хөрөнгөтэй байх эрх зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчсөн шийдвэрийг НИТХ дэх Х.Нямбаатар тэргүүтэй МАН-ын нөхдүүд гаргчихаад байгаа юм.
Улаанбаатарт 250 мянган автомашин явахад л түгжирч байна гээд байгаа юм. 250 мянган автомашин явуулж чадахгүй нийслэл хот гэж хаана ч байхгүй шүү дээ. Манай автомашины худалдааны төвд нийт 1000-аад хүн ажилладаг. Гэтэл дээрх журам хэрэгжээд эхэлбэл энэ мянга гаруй хүний ар гэр хэрхэн амьдралаа авч явах вэ. Замаа сайжруулаад улс эх орон хөгждөг болохоос ард иргэдийнхээ амьдрах нөхцөл боломжийг үгүй хийгээд хөгжихгүй. Монголд өвөл болдог. Өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад автобусанд явна гэдэг үнэхээр хэцүү. Манай хотыг дэлхийн бусад хотуудтай харьцуулбал нэг их том хот биш. Тэр том хотууд хааж, боохгүйгээр шийдэлд хүрч болж байхад манай улс зам тавихийн оронд бродюр солиод огт хэрэгцээгүй шийдвэрүүдийг гаргаад байна. Социализмын үе шиг хэдхэн автобус явдаг болохыг хөгжил гэхгүй” гэлээ.
Мөн саяхан улсын дугаар олголтыг зогсоосон гэх мэдээлэл цацагдсан.
Үүнийг албаныхан “автомашины дугаар олгох эрхийг нийслэлд шилжүүлж байгаатай холбоотойгоор түр зогсоосон” хэмээн тайлбарласан. Тэгвэл бид автомашины улсын дугаар хэвлэгчээс энэ талаар тодруулахад, “Улсын дугаар хэвийн олгож байгаа. Саяхан улсын дугаар хэсэг олгохоо болиход улсын дугаар дуусчихсан байсан. Одоо бол хэвийн олгож байна. Нийслэлийн автомашины тоог 730 мянга болгох тухай ямар ч шийдвэр, тогтоол бидэнд ирээгүй” гэлээ.
Ийнхүү улсын дугаар олголтыг зогсоох нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн өмчлөх эрхийг зөрчөөд зогсохгүй хээль хахууль, далд эдийн засгийг ч дэмжиж болзошгүй. Мөн дан ганц машин унаж байгаа гэлтгүй автомашин тойрсон маш олон хүний бизнес, ажлын байрыг үгүй хийсэн шийдвэр байна гэдгийг иргэд хэлж байна.