Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа.

Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц зам болохыг онцлоод иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр товлосон хугацаанд стандартын дагуу чанартай авто зам тавих чиглэл өгөв. Түүнчлэн авто замын ажилтай холбоотой дуусах хугацаа, хийх ажлыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий самбарыг иргэдийн зорчих урсгалын хажууд байрлуулахыг гүйцэтгэгчид үүрэг болголоо.

Харин нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр усалгаа хийх хяналт шалгалтыг тогтмол тавих ажил болон зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг олж тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх ажлыг даалгасан юм.

Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээн хэллээ.