Будсын нэр төрд халдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалд 36 сая төгрөгийн торгох ял, Б.Анхбаярт 1 жилийн хорих ял, 1,3 сая төгрөгийн торгох ял шийтгэсэн байна.
Мөн Г.Алтанзаяа 33 сая төгрөгийн торгох ял, Б.Энхбилэгт 1 жил хорих ял, н.Шинэтуяад 1 жилийн хорих ял тус тус оноожээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Б.Энхбилэг нар нь 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл саун, массаж нэрийн доор биеэ үнэлэхэд зуучилсан, орон байр, бусад зүйлээр хангасан. Б.Энхбилэг, Г.Алтанзаяа нар нь бүлэглэн “Дэчин чойн тавшэй сүмбэрлэн” хийдийн хамба лам Л.Батаахүүтэй бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон бичлэг хийж, улмаар Г.Алтанзаяа нь уг бичлэгээс тасалсан хэсгийг гэрэл зураг болгон Л.Батаахүүд өгч сүрдүүлэн хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл болох зургийг тараахаар, эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж заналхийлсэн.
Харин Л.Баяржаргал, Б.Анхбаяр нар нь мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр Л.Батаахүүгийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг “Нэгүүн.мн” сайтаар “Хийдийн тэргүүн лам хүчин үйлдэж л байг юу” гэх гарчиг бүхий шууд бичлэгээр олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдсон байдаг байна.