Монгол иргэний дүр эсгэж Хойд Солонгос руу хууль бусаар хувцас экспортолж байсан иргэний хэргийг өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 6-ны өдөр Япон Улсын прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, Япон Улсын Саппоро хотын 85 настай нэгэн эрэгтэй 400 мянган иен буюу 2790 ам.долларын үнэ хүрэх хувцасыг Хойд Солонгос руу илгээж байсныг Осака мужийн цагдаа нар илрүүлжээ.
Уг хэргийг үйлдсэн иргэн нь Осака хотод амьдардаг монгол иргэний дүр үзүүлж, Японы худалдааны төвөөс захиалгаар хувцас авч Хятадын Жилин мужаар дамжуулан хилээр гаргаж байсан аж.
Мөн тэрбээр өмнө нь Хойд Солонгост далайн хоол боловсруулах компани ажиллуулж байсан бөгөөд 2017 оноос эхлэн Хятадаар дамжуулан 40-50 удаа хувцас хилээр гаргаснаа цагдаад мэдүүлсэн байна. Сонирхуулахад, Японы Гадаад солилцоо, худалдааны хуулиар хүмүүнлэгийн бус шугамаар, Худалдааны сайдын зөвшөөрөлгүйгээр Хойд Солонгост бараа нийлүүлэхийг хориглосон байдаг аж.