“Парис 2024” зуны паралимпын 17 дугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсын 12 тамирчин оролцсоноос нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлэв.
“Парис 2024” зуны олимпын наадамд Монголын үндэсний Олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, холбоодын удирдлагууд гээд албаныхан ихээр оролцсон ч амжилт төдийлөн үзүүлж чадаагүй нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан билээ. Харин энэ удаагийн Паралимпын наадамд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүндэт зочноор уригдан, оролцсон байдаг. Тэрбээр энэ үеэр "Парис 2024" Зуны Паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн +90-кгд амжилттай оролцсон тамирчдад медаль гардуулсан юм.
Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн Франц улсад хийсэн ажлын айлчлалын зардалд улсын төсвөөс 24.4 сая төгрөг зарцуулсан байна.
Тодруулбал, Ч.Номин сайд нь тухайн улсад 15 хоног ажлын айлчлал хийсэн бөгөөд ингэхдээ Паралимпын зуны наадам, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, ашиг тусыг хүртэх нь" сэдэвт дэлхийн спортын сайд нарын бага хуралд оролцжээ. Түүний тухайн улсад хийх айлчлалын зардалд 24 сая 433 мянга 900 төгрөгийг Улсын шигшээ багийн үйл ажиллагааг дэмжих зардлаас гаргасан байна. Нарийвчилбал, Зочид буудалд нэг хоногийн 200 ам.доллар буюу 676 мянга 200 төгрөг. Нийт 10.1 сая төгрөг. Зам хоногт 60 ам.доллар буюу 202 мянга 860 төгрөг, Улаанбаатар-Франкфурт-Парис-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зардалд 11 сая 248 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байх аж.