Орон нутгийн сонгуультай холбоотой СЕХ хуралдлаа

Орон нутгийн сонгуультай холбоотой СЕХ хуралдлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 23 дахь хуралдаан өнөөдөр (2024.09.09) болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны нэгдсэн дугаар, тоо, загварыг тус тус батлав. Саналын хуудас нь Аймаг (нийслэл)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сум (дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж тэмдэглэх хэсэгтэй байх юм.
  • Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, тайланг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо батална.” гэж заасан. Хуульд заасны дагуу “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын шинэчилсэн найруулга болон холбогдох маягт, загварын төслийг хэлэлцэж, батлав.
  • “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн батална.” гэж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан. “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын шинэчилсэн найруулга, журамд холбогдох маягт, тайлангийн загварын төслийг хэлэлцэж, баталлаа.
  • “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын талаар 2024 оны 9 дүгээр сарын 11-нд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй сургалт, мэдээлэл өгнө.
  • Төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг санхүүгийн тайланг хянасны дараа эцэслэн тогтоох юм. Түүнчлэн улс төрийн нам төрийн санхүүжилт авах хүсэлтийн маягтыг баталлаа.



Өнөөдөр хулгана өдөр

7 минутын өмнө