ШУУРХАЙ: "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох Б.Баттөгсөөс допинг илэрсэн байж болзошгүй байна

2024-09-07 15:48

ШУУРХАЙ: Допинг илэрсэн байж болзошгүй Б.Баттөгс "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглосонгүй

"Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох Б.Баттөгсөөс допинг илэрсэн байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэрбээр өнөөдөр /2024.09.07/ 15:30 цагаас барилдах хуваарьтай байсан юм.  Тэгвэл Б.Баттөгс нь хуваарийн дагуух барилдаандаа зодоглосонгүй. Тэрбээр Итали улсын тамирчин Valerio Romano Teodori-той барилдах байсан учир түүнд ялалтыг өгч Valerio Romano Teodori шөвгийн 16-д шалгарч үлджээ. Нэг үгээр хэлбэл, допинг илэрсэн гэх асуудлаар Б.Баттөгс нь паралимпын наадмаас хасагдсан нь ийнхүү баталгаажлаа.

Харин албаныхан энэ талаарх мэдээллийг одоо хүртэл өгөөгүй, нууцалсан хэвээр байгаа бөгөөд шууд дамжуулалт хийж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "Бэртлийн улмаас" гэх тайлбарыг өгсөн гэдгийг тайлбарлагч нар хэллээ. 

 

2024-09-07 10:45

ШУУРХАЙ: "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох Б.Баттөгсөөс допинг илэрсэн байж болзошгүй байна

"Парис 2024" паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчнаас допинг илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Токиогийн "Гран при" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох Б.Баттөгсөөс допинг илэрсэн байж магадгүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Б.Баттөгс нь харааны бэрхшээлтэй бөгөөд түүний хэрэглэж байсан эм бэлдмэлд допингийн төрлийн хориотой бодис орсон байсан байж магадгүй бөгөөд үүний улмаас тэрбээр "Парис 2024" паралимпын допингийн шинжилгээнд бүдэрсэн байж болзошгүй" гэдгийг хэлж байна.

Мөн Б.Баттөгс нь одоогоор олимпын хотхоноос гарч, Франц улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны байранд байрлаж магадгүй байна.

Харин энэ талаар албан ёсны мэдээлэл нийтлэгдээгүй, албаны хүмүүс мэдээлэл хийхгүй, нууцалж байна. Мөн "Парис 2024" паралимпын тамирчдын тэмцээнд оролцох хуваарийг тогтмол мэдээлдэг "Монголын Паралимпын хороо" өнөөдөр /2024.09.07/ барилдах хуваарьтай Б.Баттөгсийн барилдааны талаарх мэдээллийг одоог хүртэл мэдээлэхгүй байгаа нь "түүнээс допинг илэрсэн байж болзошгүй" гэх хардлагыг улам бүр төрүүлж байгаа юм. Учир нь допинг илэрсэн байж болзошгүй Б.Баттөгс нь өнөөдөр /2024.09.07/ барилдах хуваарьтай байгаа бөгөөд тэрбээр хуваарийн дагуу зодоглох эсэх нь уг мэдээллийг батлах гол эх сурвалж болох юм. Харин өнөөдөр /2024.09.07/-ийн хуваарь нь түүнээс допинг илэрсэн байж болзошгүй гэх асуудал гаргахаас өмнө тавигдсан хуваарь гэдгийг тодотгож байна.