Төмөр зам, шатахуун, цахилгааны хараат байдлыг Газ, Цөмийн станцаар үргэлжлүүлэх санаатай буйгаа В.Путин мэдэгдэж, Оросын 5 гишүүнтэй “Евразийн эдийн засгийн холбоо”-г Х.Баттулга санагалзлаа

Төмөр зам, шатахуун, цахилгааны хараат байдлыг Газ, Цөмийн станцаар үргэлжлүүлэх санаатай буйгаа В.Путин мэдэгдэж, Оросын 5 гишүүнтэй “Евразийн эдийн засгийн холбоо”-г Х.Баттулга санагалзлаа

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 03 /2024.09.03/-ны өдөр манай улсад ирээд буцлаа. Тэрээр өмнө нь 2019 оны есдүгээр сарын 03 /2019.09.03/-ны өдөр мөн манай улсад ирж байв. Товчхондоо, таван жилийн зайтай яг нэг өдөр ирсэн гэсэн үг. 2019 онд В.Путиныг манай улсад ирэхтэй нь холбогдуулж иргэдээ бүхий нийтээр нь амруулж, Х.Баттулга МУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа. 

Тэгвэл энэ удаагийн айлчлалаар В.Путины онгоц “Чингис хаан” олон улсын буудалд биш ашиглагдахгүй удаж байгаа “Буянт ухаа” нисэх буудлын хуучин зурваст газардсан байна. Энэ талаар зарим албан бус эх сурвалжууд, “В.Путиныг дагалдан долоон онгоц дүүрэн хүн ирсэн. Мөн В.Путины онгоцыг Буянт ухаа нисэх буудалд буулгахын тулд газардуулах төхөөрөмжөө оросууд өөрсдөө авч ирсэн” зэрэг мэдээллийг өгч байна. 

-МОНГОЛД ИРСЭН В.ПУТИНЫГ БАРИВЧЛАХЫГ ШААРДСАН ЖАГСААЛ ЯПОН ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ГАДНА БОЛОВ-

Тэгвэл В.Путины манай улсад хийсэн айлчлалын улс төр, эдийн засгийн үр өгөөж юу байв гэдэг нь анхаарал татсан сэдэв болоод байна. Тухайлбал, 2023 оны гуравдугаар сард Гаагийн шүүх /ОУЭШ/-ээс В.Путиныг баривчлах захирамжийг гаргасан. Харин манай улс Гаагийн шүүхийн гишүүн орон. Иймд Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ээс өнгөрөгч баасан гараг /2024.08.30/-т “Монгол Улс ОУЭШ-ийн гишүүн орны хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг удахгүй хийх айлчлалынх нь үеэр баривчлах тушаалыг биелүүлэх үүрэгтэй” гэж мэдэгдсэн. Учир нь Гаагийн шүүхээс В.Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш түүний Монгол Улсад хийх айлчлал нь ОУЭШ-ийн гишүүн орны нутаг дэвсгэрт нэвтэрч буй анхны тохиолдол болсон. 

Харин В.Путиныг манай улсад энэ долоо хоногт ирэх үеэр Японд байрлах монголын элчин сайдын яамны гадна тус улсын зарим иргэд цугларч “В.Путиныг одоо баривчил”, “Путин бол дайны гэмт хэрэгтэн”, “В.Путиныг айлчлуулж байгаа Монгол бол бүдүүлэг” гэсэн лоозон бүхий жагсаал болсон байна.

Японд суугаа Монголын элчин сайдын яамны гадна болсон жагсаал. 2024.09.02

Тус жагсаалд Японы 11 иргэн оролцсон гэх мэдээллийг зарим олон улсын хэвлэл мэдээлсэн бөгөөд жагсаалд оролцогчид манай элчин сайдын яаманд өргөдөл гаргаж, “Монгол Улсад ирээд буй дайны гэмт хэрэгтэн В.Путиныг баривчил” гэх утгатай шаардах хуудсыг гардуулжээ. Мөн Японы Засгийн газар үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй гэсэн утгатай мэдээллийг тэд хийсэн байна.

-ОРОСООС ХАРААТ ТӨМӨР ЗАМ, ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧНИЙГ В.ПУТИН САНУУЛААД, ЦААШИД БАЙГАЛИЙН ХИЙ, АТОМЫН СТАНЦААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БУЙГАА ДУУЛГАЛАА-

Манай улс төмөр зам, шатахуун, эрчим хүчний хувьд оросоос хараат. Оросын хараат байдлаас гаргахгүй байхын төлөө гадаад, дотоод их хүчин зүйл нөлөөлдөг байж болзошгүй байгаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил яригдаад 10 гаруй жил өнгөрч байна. Гэтэл “Оросын тагнуул Е.А.Симонов, түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар нь монголын эрчим хүчний төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажил явуулж байсан” гэх мэдээлэл Германы Nosvox.com сайт дээр гарсан. Нөгөө нь “Эгийн гол”-ын усан цахилгаан станц ашиглалтад орвол “Байгаль нуур”-т сөрөг нөлөө үзүүлнэ хэмээж Оросын тал ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар энэхүү төсөл олон жил гацахад хүргэсэн. 

Мөн олон улсын стандартын нарийн царигийн төмөр замтай болох байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Х.Баттулга нар “хятадын танк орж ирнэ” хэмээн эсэргүүцэн гацааж, улмаар Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нарийн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болсон юм.

Тэгвэл энэ долоо хоногт хийсэн айлчлалаараа монголын оросоос хараат төмөр зам, шатахуун, эрчим хүчийг В.Путин дахин санууллаа. Тухайлбал, В.Путин монголын төмөр замын хараат байдлын талаар хэлсэн үгэндээ, “Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН мөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг хөгжүүлэх 2030 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилт ид өрнөж байна. Ингэснээр хоёр талын болон Орос, Хятад хоорондын дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байна” гэсэн. 

Мөн В.Путин монголын шатахууны хараат байдлын талаар хэлсэн үгэндээ, “Монгол Улсад гадаадаас оруулсан нийт бензин, дизель түлшний 90 гаруй хувь нь Орос улсаас орж ирсэн. Өсөн нэмэгдэж буй түлш, шатах тослох материалыг хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийг хүсэлтийг бид үргэлж ханган ажиллаж байгаа. Орос, Монгол, Хятадыг холбох 1,000 орчим километр "Союз восток" байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгасан. Одоо байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна. Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх асуудал төдийгүй Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломж ч яригдаж байгаа” гэсэн юм. 

Харин тэрээр монголын эрчим хүчний хараат байдлын талаар хэлсэн үгэндээ, “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа маань нүүрс, устөрөгчийн экспортоор хязгаарлагдахгүй. Оросын "Интер РАО Экспорт" компани Улаанбаатар хотын дулааны III цахилгаан станцыг шинэчлэн барих ажилд оролцоно гэж найдаж байгаа. Мөн цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах салбарт хамтран төсөл хэрэгжүүлэхэд нээлттэй. Эдгээр төслийг Оросын хамгийн орчин үеийн аюулгүй технологи тэр дундаа бага оврын реакторыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм. Товчхондоо, манай улс оросоос төмөр зам, шатахуун, эрчим хүчнээс хараат байдал цаашдаа үргэлжилж энэ нь байгалийн хий, бага оврын цөмийн станцын болгон өөрчлөх төлөвлөгөөтэй байгаагаа В.Путин мэдэгдээд буцлаа. 

-Х.БАТТУЛГЫН МоАХ ФРАКЦААС ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНД ЭЛСЭХЭЭР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙСНАА САНАГАЛЗАВ-

Мөн В.Путин манай улсад хийсэн мэдээллийнхээ үеэр “Экспорт, импортын эргэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг улам дотно хөгжүүлэх нь чухал. Монгол Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах санаачилгыг Орос улс дэмжин ажиллаж байгаа” гэсэн юм.

“Евразийн эдийн засгийн холбоо” нь Орос, Беларусь, Казахстан, Армени, Киргизстан гэсэн хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрддэг. Харин “Евразийн эдийн засгийн холбоо”-нд манай улсыг элсүүлэх шахалтыг оросууд удаа дараа үзүүлж байгаа гэдэг. Тухайлбал, 2023 оны есдүгээр сар /2023.09/-д Оросын Засгийн газраас “Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улс орнуудад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарлана” хэмээн мэдэгдэж байв. Энэ нь Оросын өөрийн байгуулсан, В.Путины өөрөө даргалж буй “Евразийн эдийн засгийн холбоо”-ндоо элсээгүй орнуудад шатахууны өгөхгүй гэж шахалт үзүүлж буй нэг хэлбэр байсан юм. 

“Евразийн эдийн засгийн холбоо”-ны гишүүн орнууд манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхолтой. Харин тус холбооны гишүүн орнуудад Монголоос нийлүүлж буй экспортын бүтээгдэхүүнүүд комиссын мөрддөг тарифыг дагана. Товчхондоо, манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тэд тогтоож, бид дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ худалдахгүй болно гэсэн үг. Гэтэл Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа судлуулж байсан байдаг. Тэгвэл В.Путины энэ долоо хоногт манай улсад хийсэн айлчлалын үеэр Х.Баттулгын тэгүүлдэг МоАХ фракцаас, “Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна” гэсэн Х.Баттулгын 2019 онд хийж байсан мэдэгдлийг сэргээн нийтэлж, Евроазийн эдийн засгийн холбоонд бараг л элсэхээр хөөцөлдөж байсан Х.Баттулгын үеийг санагалзлаа.