Т.Батцогт: МАН-ын төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг АН иргэдийн дуу хоолой болж чаддаг хүмүүсээ нэр дэвшүүлсэн /ВИДЕО/

Т.Батцогт: МАН-ын төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг АН иргэдийн дуу хоолой болж чаддаг хүмүүсээ нэр дэвшүүлсэн /ВИДЕО/

Улс төрийн намууд НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарлалаа. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН-ыг Хотын дарга Х.Нямбаатар удирдаж орох бол, АН-ыг тус намын хорооны дарга Т.Батцогт ахалж оролцоно. Харин АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс ихээхэн анхаарал татаж байгаа юм. Иймд бид энэ удаа Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг "ШУГАМ" нэвтрүүлгийнхээ 36 дахь дугаарт урьж АН-ын нэр дэвшүүлэлт, орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа. 

ВИДЕО:

-Сайн байна уу? Юун түрүүнд урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. Тун удахгүй Улаанбаатар хотыг сүүлийн найман жил удирдсан хүмүүс солигдох эсэх сонгууль болох гэж байна. Таны хувьд АН-ыг удирдаж энэ удаагийн сонгуульд оролцоно. Би нэг зүйл дээр та бүхнийг гайхаж байлаа. Та бүхний хувьд есдүгээр сарын 1-нд нэг сонин мэдэгдэл хийсэн нь “9 сарын 1” гэх хуулийг УИХ-д өргөн барихыг АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдээс хүссэн. Энэ орон нутгийн сонгууль угтсан сурталчилгаа байсан уу?

-Энэ хуулийн төслийг яг тан шиг олон хүний анхаарлыг татаасай гэж хүсэж байгаа. Хуулийн төслийн гол агуулга нь Монгол хүүхдийн хөгжил. Манай улсад хүүхдийн эрхийн тухай хууль, хөгжлийн тухай хууль гэж байдаг. Гэхдээ хэрэгжилт нь тийм ч хангалттай байдаггүй.

Хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй учраас дарга нарын анхаарлыг тэр бүр татдаггүй. Асуудал нь тэр бүр шийдэгддэггүй. Иймд дээрх хуулийн гол агуулга нь хүүхдүүдийг хичээлийн бус цагаар нь хөгжүүлэх тухай асуудлыг би хөндсөн. Үүнийг заавал сонгуультай холбоод байх шаардлага байхгүй.

-Монгол Улсад халамж ихэдсэн үү гэхээс багадаагүй байх. Харин та бүхний хэвлэлийн хурлыг үзэхэд хүүхдүүдэд 30 мянган төгрөгийн карт өгөөд, түүгээр нь хүүхдүүд сургалт, дугуйланд хамрагдах юм байна гэж ойлгосон. 30 мянган төгрөгөөр өнөөдөр юу хийж хүрэх вэ?

-Сард 120 хүүхдийн 30 мянган төгрөг тийм ч бага мөнгө биш. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Манай улс хангалттай л төсөвтэй байгаа шүү дээ. Цаашдаа илүү нэмж ч болно.

-2024 оны сонгуулийн үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзаад, "та ерөнхийлөгч байхдаа зээлийг тэглэсэн. Одоо ахиад малчдын зээлийг тэглэх хэрэгцээ байна" гэж байсан. Иргэдийн дунд ч таныг Х.Баттулгын хүн гэх яриа байдаг. Та үнэхээр Х.Баттулгын хүн мөн үү?

-АН олон фракцтай. Нэг нь МоАХ. Энэ фракцыг Х.Баттулга удаирддаг. Би МоАХ-ын гишүүн. Нийгмээрээ л намын тухай ойлголтыг маш сайн авах хэрэгтэй байна.

Бид 1990 онд ардчиллыг сонгосон. Гэтэл 100 гаруй жилийн түүхтэй, зүүн төвийн үзэлтэй намаар удирдуулж байна. Энэ бол үнэхээр зохимжгүй зүйл.

-НИТХ-д Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүү Х.Баттуулын дүү Оргилбат, “Мах импекс”-ийнх нь салбарын захирал н.Бадмаа, “Талх чихэр”-ийнх нь санхүүгийн захирал н.Бурмаа, мөн хүүгийнх нь найз дуучин Б.Батхишиг нэр дэвшиж байна шүү дээ?

-Холбоод байвал юм болгон л холбоотой байх л даа. Бид дотоод шалгууртай. Нэгдүгээрт намын гишүүн байх ёстой. Яагаад бизнесийн төлөөлөл, ард түмний төлөөлөл нэр дэвшиж болохгүй гэж. Нээлттэй шүү дээ. Хүн иргэдээ төлөөлөөд нэр дэвшье гэж байхад нь хязгаарлаад байж болохгүй байх гэж бодож байгаа. Болзол шаардлагаа хангасан бол нээлттэй.

-Тантай өрсөлдөх Х.Нямбаатар ярихдаа гадаадад сурч төгссөн, мэргэжилтнүүдийг НИТХ-д нэр дэвшүүлж байгаа л гээд байсан. Харин АН-ын нэр дэвшүүлэлтийг харвал олны мэдэх лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, О.Отгонтөгс, н.Энхзориг гэхчилэн хүмүүс байна. Та яагаад ийм хүмүүсийг нэр дэвшүүлсэн бэ?

-Энэ хүмүүс иргэдийн өмнөөс хотын асуудал, улсын асуудал дээр зоригтой шударга дуугардаг хүмүүс. Ийм хүмүүс л НИТХ-д сонгогдох ёстой болохоос төрөөс төрсөн тэрбумтнууд биш. Мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин салбараа хариуцаад ажиллах ёстой болохоос иргэдийг төлөөлөөд танхимд суугаад байж болохгүй. Харин манай нам иргэдийн дуу хоолой болж, бодит хяналтаа тавьж чадах хүмүүсийг л нэр дэвшүүлсэн. АН-д ч чадавхтай боловсон хүчин зөндөө байна.

-Танай АН хамтарсан ЗГ-т орчихсон шүү дээ. АН-ын дарга нь шадар сайд, зарим гишүүд нь ЗГ-ын гишүүн болчихсон. Ийм байхад танай Нийслэлийн АН МАН-тай өрсөлдөж чадах уу?

-Бодит өрсөлдөөн явна. Бид найман жил харсан ч юу ч өөрчлөгдсөнгүй. Автозамын түгжрэлийг бууруулах гээд бродюр солиод байгааг л би огт ойлгохгүй байна. Үнэхээр гайхаж байна. Нэн тэргүүнд хийх ажил бродюр солих биш.

АН сонгуульд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулаад өрсөлдсөн. Энэ мөрийн хөтөлбөрийг биелээсэй гэж бодож иргэд санал өгсөн. Тэгэхээр дэмжсэн хүмүүсийн дэмжлэгийг хөсөрдүүлэхгүйгээр, мөрийн хөтөлбөрөө эхлүүлэх ажил бол хамтарсан ЗГ гэж харж байна. Манай намын мөрийн хөтөлбөрийн 80 хувь нь хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт багтсан байгаа.

-Өнгөрсөн өвөл Хотын дарга Х.Нямбаатар тэгш, сондгойгоор автомашиныг зорчууллаа. Түүнийг Монгол Улсын зарим иргэд дэмжиж байсанд би их харамссан. Мөн Улаанбаатар хотод зорчих автомашины тоог 730 мянга болгож, хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгсэл 48 цагаас дээш байсан тохиолдолд өдөрт 5000 төгрөг төлөхөөр заасан. Монгол иргэд Үндсэн хуулиараа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхтэй хүмүүс. Харин төр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь л хангаж өгөх үүрэгтэй. Та уг шийдвэрийг гаргаж байхад та саналаа өгсөн үү?

-НИТХ-ын төлөөлөгч гэдгээр нь нэг ийм ял асуух байх гээд би тэр хуралд оролцоогүй. Гэхдээ тэр шийдвэрийг гаргах, хурлаас өмнөх бүх процесст оролцсон. Болохгүй байгаа асуудлуудыг нь эсэргүүцэхээр ажил хийлгэхгүй, улс төржүүллээ гээд байдаг. Гэхдээ асуудлыг хэтэрхий захиргааны аргаар шийдээд байна. Одоо тэгээд Улаанбаатар болон хөдөө орон нутаг гэдгээр нь ялгаварлаж байна шүү дээ. “Аз жаргалтай Улаанбаатар” гээд хөтөлбөр хэрэгжүүлээд МАН-ынхан түүнийг 90 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна лээ. Энэ хотод МАН-ын эрх мэдэлтнүүд л аз жаргалтай амьдарч байна.

-Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа.