ВИДЕО: 35 тэрбумаар бродюр солихдоо явган хүний замыг эвдэж, иргэдийн хөдөлгөөнд хүндрэл учруулж байна

ВИДЕО: 35 тэрбумаар бродюр солихдоо явган хүний замыг эвдэж, иргэдийн хөдөлгөөнд хүндрэл учруулж байна

Энэ онд 35 тэрбум төгрөгөөр нийслэл Улаанбаатар хотын бродюрыг бүхэлд нь солих ажлыг зохион байгуулж байна. Тус ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй байгаа юм. Бродюрыг солихдоо эргэн тойрны автозам болон явган хүний замыг эвдлэн зорчих боломжгүй хүндхэн нөхцөл байдалд оруулж байгаад иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаараа бродюртай холбоотой иргэдийн байр суурийг тодруулж, ямар компани хэдэн төгрөгөөр хийж байгаа талаар сурвалжлан хүргэх болно. 

ВИДЕО:

Бродюр солих ажил ямар шатанд явж байгаа талаар бид Дөлгөөннуур орчимд ажиллаж буй зам засварын ажилчдаас тодруулахад тэд хариу тайлбар өгөхөөс татгалзсан юм. Улмаар бид иргэдийн байр суурийг тодрууллаа.

Иргэдийн зүгээс, "Дөлгөөннуур хэсгийн зам засварын ажил эхлээд хоёр долоо хоног болж байгаа ч дуусаагүй л байна. Замд засвар хийж байгаа учир бидэнд алхах талбай хязгаарлагдмал, ажил болон сургуульдаа явахад нэлээд хүндрэлтэй байгаа" гэсэн юм.

Харин энэ талаар Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, "Хучилтыг хүчитгэж, долоон см ухах шаардлагатай. Тиймээс хашлагыг заавал өндөрлөх, солих болно. Хашлаганы стандартын дагуу зорчих хэсгээс дугуй болон явган  хүний замын бродюр 15 см өндөр байх ёстой. Бид хучилтын хийцийг хүчитгэж, долоон см болгож байгаа учир хашлага өргөх шаардлага гарсан" гэсэн юм. Ийнхүү хичээл, сургууль эхэлж, иргэдийн хөл хөдөлгөөн ихсэх үеэр зам засварын ажлыг эхлүүлж байгаа нь  иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Мөн бродюр солих нэрээр явган хүний замыг эвдэн,  иргэдийн хөдөлгөөнд саад учруулж буйд албаныхан анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. 

Ж.Цэцэгсүрэн