Монгол Улсад тагнуул хийсэн гаднын нэг, эх орноосоо урвасан монголын гурван иргэнийг Тагнуулын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сар /2024.03.29/-т баривчилж, шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждоржийг эх орноосоо урвасан хэргээр баривчлан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл З.Санждорж нарт холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
“Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждоржийг эх орноосоо урвасан буюу Х Богдын асуудал зэрэгтэй холбоотойгоор баривчлан шалгаж эхэлсэн байж магадгүй байдаг. Учир нь З.Санждорж өнгөрсөн оны гуравдугаар сар /2023.03/-д мэдээлэл хийж, "Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш "X Богд" гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Төвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн. Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан.
Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэх агуулгатай зүйлийг мэдээлж байсан юм. Мөн тэрбээр өөрийн хүүгээ Х Богдоор тодруулж байсан тухай баримт ч байдаг юм.