“Хэрлэн” голын усанд сэлэх гэж ороод живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байсан билээ. Тэгвэл Онцгой байдлын алба хаагчид тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 05-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд гурван удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 06-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлж 13:50 цагт тус багийн "Гучин хоёрын саам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 30 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Иймд иргэд амарч, зугаалж явахдаа голын усанд анхаарал болгоомжтой орохыг сэрэмжлүүлж байна.