ВИДЕО: Сэргээн засварлах нэрээр “эрэмдэглэсэн” гэх Чойжин Ламын сүм музейн “ямпай” хаалга хуучнаараа хадгалагдаж байна

ВИДЕО: Сэргээн засварлах нэрээр “эрэмдэглэсэн” гэх Чойжин Ламын сүм музейн “ямпай” хаалга хуучнаараа хадгалагдаж байна

XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” билээ.

ВИДЕО: 

Энэхүү сүмийг Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын ур ухаан, уран гараар бүтээсэн байдаг. Ингэхдээ ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотоод заслыг нь хийснээр сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгосон гэдэг. Улмаар Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй хэмээн 1939 онд Чойжин Ламын сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар хойч үе бидэнд өвлөгдөн ирсэн түүхтэй.

1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, эсвэл тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байсан дээр сүмийг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж,  1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн юм. Үүнээс хойш дээрх музейг хадгалан хамгаалж, хойч үед нь энэ чигээр нь өвлүүлэхээр музейн ажилтнууд судалгаа, шинжилгээний ажлуудыг тасралтгүй явуулж, холбогдох байгууллагуудад хандана ажиллаж буй.

Тухайлбал өнгөрсөн 2020 онд “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-аас хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас эрсдэлд орсон дэлхийн 25 түүх, дурсгалын газрыг нэрлэж, сэргээн засварлалтын ажил хийх төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Улмаар уг төсөлд Монголоос “Чойжин ламын сүм музей”-г нэр дэвшүүлснийг олон улсын экспертүүд дэмжиж төслийн хүрээнд “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-аас 1,6 сая ам долларыг хандивлаж, засварын ажил ч амжилттай болсон.

2024 оны зургаадугаар сар /Сэргээн засварлалтын ажил/

Харин өнөөдрийн байдлаар тус сүмийг дахин сэргээн засварлах ажлыг улсын төсвийн санхүүжилтээр Соёлын яам хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Мөн энэхүү ажилтай холбогдуулан Чойжин Ламын сүм музейн “Ямпай” хаалгыг сэргээн засварлах нэрээр “эрэмдэглэж байна” гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаж, олон нийт дургүйцлээ илэрхийлээд байна. Иймд бид эл асуудлыг тус музейн мэргэжилтнүүдээс тодруулж, сүмийн сэргээн засварлалтын ажлыг сурвалжиллаа.

Цахим сүлжээнд иргэдийн шүүмжилж буй Чойжин Ламын сүм музейн ямпайг Ямпай буюу халхавч хаалгыг Манжийн хааны зарлигтай сүм болон шашин төрийн томоохон үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн урд барьж бүтээсэн байдаг. Ямпайн урд талын дунд хананд ертөнцийн дөрвөн хүчтэн хангарьд, арслан, барыг газарт өөд өөдөөс нь харуулан, харин хойд талын дунд хананд 5 лууны дүрсийг Монгол орны байгальтай хослуулан үндэсний зургийн хэв маягаар товойлгон дүрсэлжээ.

Үүний бэлгэдэл нь ертөнцийн хүчирхэг 4 амьтан хамгаалж байгаа цагт газар тэнгэрийн элдэв ад зэтгэр, хор хөнөөл, хар зүгийн шуламсын хорлол нэвтрэн орохоос найдвартай сэргийлэн хэнд ч дийлдэшгүй бат цайз мэт байж, Бурхны шашин мандахыг үүгээр билэгдсэн ажээ. Харин сүмийн ямпайд бүтээсэн лууны тоо тухайн сүмийн ажиллагаа, зэрэг дэвийг илэрхийлдэг бөгөөд тус сүмийн ямпайд 4 хумст таван хүчирхэг луу бүтээсэн нь төр шашны томоохон үйл ажиллагаа явуулж байсныг илтгэдэг байна.

Тэгвэл цахим сүлжээнд дээрх бэлгэдлийг агуулан урласан ямпай буюу халхавч хаалганы “Сэргээн засварлалтын ажлыг аймшигтай хийж, эрэмдэглэсэн байна. Ингэж хийснээс зүгээр орхисон нь дээр. Урлаг гоо зүйн бага ч гэсэн мэдрэмжтэй хүнд хариуцуулаач” гэх мэдээлэл гарсан. Үүний дараа иргэд сэргээн засварласан гэх зураг бүхий тус ажлыг шүүмжилж сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм.

Харин энэ талаар Чойжин Ламын сүм музейн сан хөмрөгч Л.Бадамтуяагаас тодруулахад, “Иргэд сэргээн засварлалтын ажил гэхээр л музейн ажилтнууд руу дайрдаг. Гэвч энэ ажлыг бид хийдэггүй. Бид судалгаа хийж, Соёлын яам болон холбогдох албаны мэргэжлийн хүмүүс сэргээн засварлалтын ажлыг хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямпай хаалганы хувьд хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварласан тэр хэвээрээ байгаа. Үүнийг бидний хийсэн судалгааны материал, архивын баримтаас харж болно.

Чойжин Ламын сүм музейг ердөө 20-иод ажилтантай. Бид 2 га талбайг зүлэгжүүлж, сүм хийдийг хадгалан, хамгаалж, хойч үедээ өвлүүлэхээр судалгааны ажлыг тасралтгүй хийж яваа хүмүүс. Үүний зэрэгцээ сүмийг олон нийтэд нээлттэй үзүүлж, тайлбарлах ажлыг ч амжуулдаг.

Эртний түүхийг агуулсан энэ мэт соёлын үнэт өвийг хамгаалж, хайрлах нь ганц бидний биш бүх иргэдийн асуудал. Гэтэл ирээд туслахын оронд харлуулж, ямар ч судалгаа мэдээлэлгүй түүнийг нь турхирч байгаад үнэхээр харамсалтай байна. Иргэдийн энэ мэт шүүмжлэлээс болж Монголд байгаа хэдхэн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах мэргэжлийн хүмүүс олдохоо байх аюултай. Учир нь эл ажил нь нарийн ажиллагаа ордог ч төсөв өртөг багатай ажил шүү дээ. Тэгэхээр эл ажлыг хийдэг цөөн хэдэн мэргэжлийн компанийн ажлыг битгий харлуулж байгаасай. Мэдээлэл судалгаагаа хийж, өөрсдөө нүдээр хараад ярьдаг байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.