Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх авто замыг ирэх намар бүрэн засаж, шинэчлэхээр болжээ.
Тодруулбал, нийслэлийн бондын хөрөнгөөр дээрх 15.7 км урт, 7 метр өргөн авто замыг шинэчлэхээр засварын зураг төслийг хийж дуусжээ. Тус замыг 1978 онд ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэлт хийгээгүй аж. Өмнө нь дээрх авто замд нөхөөс хийх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байжээ. Авто замын ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллага шалгарсан тохиолдолд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх тооцоо гаргажээ. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд орбитын авто зам буюу Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2.4 км авто замыг шинэчилсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэн дээрх авто замын шинэчлэлтийг хийж байгаа аж.