Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан Буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” их наадмыг долдугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.
Зохион байгуулагчдын зүгээс наадамд 34 орны 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж тооцоолжээ. Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах юм. Энэ жилийн Олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой аж.
Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.