Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 18-ны 13.30 цагт эхэлсэн бөгөөд маргааш 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.07.18/ 13:30 цагт эхэлсэн ч нэг цагийн хугацаатай завсарлаад байсан бөгөөд 15:20 цагт дахин эхэлж, дөрвөн цаг орчим үргэлжилсний эцэст маргааш 09:00 цаг хүртэл хойшлууллаа. Уг шүүх хуралдааныг зарим хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй юм.
Сануулахад, Н.Өнөрцэцэгийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт буруутган шалгасан байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.