Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 18, 19-нд ихэнх нутгаар хална гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 19-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 19-нд буюу маргааш ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7...+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна. Энэ долоо хоногийн Бямба гараг буюу энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.