Өнгөрсөн жилийн зун орсон их хэмжээний борооны улмаас олон байршилд үерийн гамшиг болсны хамгийн ноцтой нь Дарь-Эх орчмын үер. Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны энэхүү байршилд 282 айл, 105 автомашин үерт өртөж, дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Улмаар үерийн гамшигт өртсөн айл өрхийг шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн юм.
Гэвч одоогийн байдлаар өнгөрсөн жил үерт өртсөн ихэнх айл өрх Дарь-Эх орчмын уг байршилдаа амьдарч байгаагийн дээр шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн гэх 20 гаруй айлаас дөрвөн өрх л үлдэж, бусад нь хаашаа ч юм нүүн оджээ. Иймд бид эдгээр байршлын айл өрхүүд хэрхсэн талаар мөн уг байршилд үерээс хамгаалах ямар ажил хийж байгааг сурвалжиллаа.
ВИДЕО:
-ДАРЬ-ЭХ ОРЧМЫН АЙЛУУДАД НҮҮХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЛГҮЙ БҮТЭН ЖИЛ БОЛСОН Ч ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨӨС ГЭНЭТ НҮҮХИЙГ ШААРДАЖ ЭХЭЛЖЭЭ-
Өнгөрсөн жил Дарь-Эх орчимд болсон үерийн улмаас гэр болон байшин нь сүйдсэн айл өрхөд тус бүр таван сая төгрөг, автомашинаа үерт урсгасан иргэдэд тус бүр гурван сая төгрөгийг улсаас өгсөн. Мөн зарим орон гэрээ алдсан өрхийг шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн юм.
Биднийг Дарь-Эх орчимд очиход өнгөрсөн зуны үерийн ул мөр огт байхгүй бөгөөд үерт өртсөн айлууд яг байснаараа тухайн байршилдаа амьдарч, аж төрсөөр байх аж. Тэр ч бүү хэл олон шинэ барилга шинээр баригдаж байх юм. Тухайн байршлын оршин суугчдын мэдээлж буйгаар өнгөрсөн зун шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн айл өрхүүд нь гэрчилгээгүй, үерийн далан, шуудууг хааж буусан айлууд байсан гэв. Харин бусад зам дагуух оршин суугчдад нүүх шаардлага огт тавилгүй байсаар бүтэн жилийг үдсэн бөгөөд одоо л гэнэт зун болсныг, бороо ордгийг санасан юм шиг хоёр хоногийн өмнөөс эхлэн эдгээр айлуудад Улсын онцгой комиссоос нүүхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлж эхэлсэн гэнэ.
Бид Дарь-Эх орчмын хэд хэдэн айлаар орж ойролцоо үерийн далан барьж байгаа эсэхийг, хорооноос ч юм уу дүүргээс ямар нэгэн хүмүүс уг байршилд ажиллаж байгаа эсэхийг, өнгөрсөн зуных шиг үерийн гамшиг болсон тохиолдолд хэрхэгийг тодруулахад, “Өнгөрсөн жилийн үерт хамаг юмаа алдсан. Гэхдээ улсаас хамжиж дэмжээд ямартай ч өөрсдийнхөө бүхнийг эргүүлэн босгосон. Энэ жил ахиад үер болохыг үгүйсгэх аргагүй. Ойролцоо далан шуудуу огт бариагүй. Уг нь өнгөрсөн зунаас хойш л ямар нэгэн арга хэмжээ авах байх гэж харлаа. Юу ч хийсэнгүй. Тэгсэн мөртлөө хоёр хоногийн өмнөөс нүүх мэдэгдэл ирүүлж байна. Энэ байршилдаа олон жил амьдарсан бидний хувьд өөр очих газар байхгүй. Шинэ суурьшлын бүс мань мэтэд олдоогүй. Бид нараас илүү үерийн эрсдэлтэй байгаа айлуудыг нүүлгэсэн л гэсэн. Гэтэл бид чинь өнгөрсөн жилийн үерт өртөөд хамаг байдгаа алдсан хүмүүс шүү дээ.
Одоо жаахан л бороо ороход хүүхдүүд маань ахиад үер болох нь гээд айгаад уйлдаг болсон. Бидний газрыг улсаас үнэлж нүүлгэх юм ярьж байна. Хэрэв газар нь шийдэгдчихвэл хурдхан шиг л нүүмээр байна” гэсэн юм.
-ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД УС, АВТОБУС, УТАСНЫ СҮЛЖЭЭ БАЙХГҮЙН УЛМААС АМЬДРАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА-
Ийнхүү бид Дарь-Эх орчмоос шинэ суурьшлын бүсийг зорилоо. Дарь-Эхээс цааш нэлээд яваад байх шинэ суурьшлын бүсэд 20 гаруй гэр харагдах боловч эзэнтэй айл нь дөрөв тавхан. Бид тухайн байршилд оршин суугчдаас тодруулахад, “20 гаруй айл байсан ч дөрөвхөн айл л өвөлжлөө. Бусад нь бүгдээрээ нүүгээд явцгаасан. Манай энд зөөврийн устай, автобус явдаггүй учраас машингүй хүн амьдрах бараг боломжгүй. Мөн утасны сүлжээ маш муу. Бараг байхгүй. Эдгээр асуудлаа шийдээд өгчихвөл ч амьдраад болоод л байна. Гэхдээ зам бас асуудалтай. Өвөл цас ороход халтиргаа үүсээд их хэцүү болсон байсан. Зун бороо их орвол урд жалгаар битүү үер урсаад хот руу орох боломжгүй болж магадгүй юм билээ” гэв.
Ийнхүү үерт өртсөн айлууд байсан хэвэндээ, шинэ суурьшлын айлуудын зарим нь даажаад алга болцгоосон байна. Нийслэл хотод үерээс хамгаалах далан, суваг шуудуу барих ажилд энэ жил 20 тэрбум төгрөг зарцуулах талаар Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлж байсан. Мөн Баянзүрх дүүрэгт энэ жил төсвийн тодотгол хийж үерээс хамгаалах далан, шуудуу барих ажилд 600 сая төгрөгийг төсөвлөсөн. Гэтэл уг төсөв хаана юунд зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүйгээр Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын айл өрхүүд өнгөрсөн жилийнхээ хэвэндээ байсаар байна.