ВИДЕО: Хиймэл ногоон зүлгийг хэдэн төгрөгөөр, хаанаас худалдан авсан талаарх асуултад хариулт өгөх албан тушаалтан алга

ВИДЕО: Хиймэл ногоон зүлгийг хэдэн төгрөгөөр, хаанаас худалдан авсан талаарх асуултад хариулт өгөх албан тушаалтан алга

Тулгар төрийн 2233 Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Харин Үндэсний баяр наадмын өмнө "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК улсын төсвөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болон дотор талыг засварлаж шинэчилсэн. Ингэхдээ гадна талбайг нарийн зохион байгуулалтад оруулж, нэмэлт зүлэгжүүлэлтийг хийсэн нь иргэдийн талархлыг хүлээсээ. Гэвч нөгөө талаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын хиймэл ногоон зүлэг олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.

ВИДЕО: 

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлан тохижуулах ажлын хүрээнд 9 жил болсон хиймэл зүлгийг хуулж шагайн талбайд дэвсэж, шинээр сайн чанарын хиймэл зүлгийг төв талбайд дэвссэн. Ингэхдээ тус шинэ зүлэг нь олон улсын FIFA-ийн шаардлага хангасан буюу намхан, илүү босоо, зөөлөн үстэй өмнөхөөс илүү сайн чанарынх. Энэ нь олон төрөлт зориулалттай буюу спортын болон концерт, тоглолтод ч ашиглаж болох 26 мянган өвсний нягтаршилтай зүлэг. Харин хуучин зүлэг резинэн материалтай тул наранд хэт халахаараа хаймрын үнэр ялгаруулдаг сул тал талтай байсан  хэмээн онцолж байв. Гэсэн ч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүд халтирч унах тохиолдол их гарсан. Улмаар бөх сонирхогчид болон наадамчин олон хиймэл зүлгийг шүүмжилж, халтиргааны асуудлыг хөндөж эхэлсэн.

Гэвч Монголын үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах комисс, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс ямар нэг арга хэмжээ авалгүй явсаар баяр наадам өндөрлөсөн юм.  

Улмаар наадмын дараа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан бөхчүүдээс уучлал гуйж, энэ асуудал дууссан. Тэрбээр баяр наадмын дараа буюу 2024 оны долдугаар сарын 14-нд “"Нийт бөхчүүдээсээ, бөхийн хорхойтон, үзэгч фенүүдээсээ уучлалт хүсэж байна. Цаг давчуу байсан тул хяналт тавьж чадаагүй, тестлэх боломж огт гараагүй шууд Наадамтай залгаад орсонд алдаа боллоо. Дараа нь заавал холбоонд бороотойд сорил хийлгэж хүлээлгэж өгөх ёстой юм байна" гэсэн юм.

Тэгвэл FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шаардлага хангасан гэх тус зулгийг тавих тендерийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд, байгаагүй буюу энэ төрлийн тендер зарлагдаагүй. Зөвхөн гадна талбайг зүлэгжүүлэх тендер зарлагджээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тэгэхээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг шууд худалдан авалт хийж авсан байх магадлалтай байгаа юм.

Иймд бид иргэдийн шүүмжлэл дагуулсан тус зүлгийг солих эсэх, хиймэл зүлэг худалдан авахад улсын төсвийн хэдэн төгрөг зарцуулж, хаанаас авсан талаарх мэдээллийн Улаанбаатар хотын захирагчийн албанаас тодруулахад, “”Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК тус ажлыг хариуцсан тул бид тус компаниас тодруулна уу” гэсэн юм.  Тиймээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас ногоон зүлгийн худалдан авалтын талаар тодруулахад, “Би ярилцлага өгөх боломжгүй. Бид энэ талаар мэдэхгүй. Надад байгаа мэдээллийн дагуу хиймэл зүлгийн стандартын талаарх мэдээллийг би өгсөн. Ногоон зүлгийн худалдан авалтын талаар Улаанбаатар хотын захирагчийн албанаас тодруулна уу” гэх хариуг өгсөн юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар цэнгэлдэхийн хиймэл ногоон зүлгийн хаанаас хэдэн төгрөгөөр авсан талаарх асуултад хариулт өгөх албан тушаалтан байхгүй байна.