Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т ойн гал түймрийн цэг илэрсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын хоёр алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтнууд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.