Өнгөрсөн хоногт нэгэн сонирхолтой тусламж хүссэн зар мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Юу вэ гэвэл “Азтай савар амьтан хайртай залуус” гэх хаягдсан, алдагдсан муур нохойнд тусалдаг иргэдийн сошиал группэд “цонх мөргөж унасан шувуу гэмтэж нисэж чадахаа больсон байна. Туслах хүн байна уу” гэх зар тавигдсан юм.
Хамгийн сонирхолтой нь тус шувуу нь Европын халуун оронд нутагладаг. Нэг нүүдэллэхдээ 10 мянган км зам туулдаг "Балч гоорбис" \Pernis apivorus\ гэх шувуу байв. Иймд бид эл шувууны эрэлд гарч шувууг байгальд нь тавихаар аав, ээж, ахын хамт гэртээ асарч буй Э.Болорхүслэн хүүтэй холбогдож тус айлыг зорино энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
ВИДЕО:
Биднийг очиход хүү уриалгахан гэртээ хүлээн авч, өөрийн тэжээхээр зорьж буй "Балч гоорбис" шувуугаа гаргаж ирэв. Тэрбээр “Намайг анх олоход энэ шувуу амаараа цус алдсан байдалтай бэртсэн байсан тул өрөвдөж гэртээ авч ирсэн. Гэрийнхэн маань ч амьтанд хайртай хүмүүс байдаг тул уриалгахан хүлээн авч бид эхний ээлжид цус алдалтыг нь зогсоохоор хоол өгөлгүй зөвхөн рашаан өгсөн байгаа. Одоо тэнхээтэй болж толгойгоо өргөж чаддаг болсон. Бас цус нь тогтсон байдалтай байна. Бид шувуу судлал болон зэрлэг амьтан хамгаалах чиглэлийн албан байгууллагуудтай холбогдсоны эцэст өнөөдөр хоёр хүн ирж үзэхээр болсон. Хэрэв тэд үзээд байгальд нь тавих хүртэл гэртээ асарч, эдгээх боломжтой гэвэл бид энэ шувуугаа гэртээ тэжээхийг хүсэж байгаа. Бас бөөндөө ярилцаж орой нэр өгөхөөр болсон” хэмээн ярьж, тэнхэрч буй шувуугаа тэврэн сандалд суув. Шувуу ч хэзээний ижилдэн дассан ижил зүйлийн амьтантайгаа байгаа мэт түүнд эрхлэх маягтай хүүг тойруулан хараад дуу гаргаж, дэвэх ч үгүй томоотой суулаа. Ингээд тэд ч бэлэн болж бидний ярилцлага эхэлсэн юм.
-Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаад гурвуулаа ярилцлагаа эхэлье?
-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэбаатарын Болорхүслэн гэдэг.
-Одоо барьж шувуугаа анх хаанаас олов. Яагаад гэртээ авч ирэх болсон бэ?
-Би энэ шувууг өчигдөр /2024.05.28/ олсон. Намайг очиход хүүхдүүд шувууг хайрцагт хийчихсэн ноолоод байж байсан. Ийм том сонин шувуу хараагүй хүүхдүүдэд сонин байсан байх л даа. Гэсэн ч ноолж байсан шувуу нь амнаасаа цус алдсан байдалтай, хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Тиймээс би өрөвдөөд энэ шувууг энд хүүхдүүдтэй байлгаж болохгүй юм байна. Ямартай ч аврах хэрэгтэй байх гэж бодсон. Тэгээд ах маань амьтанд хайртай хүн байдаг тул эхлээд ах руугаа залгаж “Энд ийм шувуу байна. Авч очиж болох уу” гэж асуусан. Ах маань ч “гэртээ аваад ир” гэсэн.
-Шувууг анх олоход цус алдсан байсан гэлээ. Яагаад бэртсэн талаар мэдээлэл байсан уу. Өмнө нь бас нэг зар, мэдээлэл сошиалд тавигдсан байсан.
-Энэ шувууны талаар анх сошиалд тавигдсан мэдээлэлд цонх мөргөсөн гэж байсан. Гэмтсэний улмаас тэр газраасаа хөдөлж чадалгүй гурав хоносон юм шиг байна лээ.
-Гэртээ авч ирэхэд нь гэр бүлийн бусад гишүүд нь хэрхэн хүлээн авсан бэ?
-Гэрийнхэн бол маш эерэг уриалгахан хүлээж авсан. Бүгдээрээ л “хөөрхий минь эдгээгээд тавих юм сан" гэж байсан.
-Хооллох гэж үзсэн үү. Юу өгч байгаа вэ?
-Цус алдалттай байна гэж үзсэн тул хоол өгөөгүй. Учир нь бүр дордуулах магадлалтай юм байна лээ. Бид гэр бүлээрээ суугаад хөөрхий шувууг яаж эдгээх талаар ярилцаж, төрөл зүйлийг нь судлаад зөгийн бал иддэг гэдгийг нь олж мэдээд зөгийн бал авч үзсэн. Бас түүхий болон буцалгасан ус өгөөд дэмий байх гэж бодоод хүнтэй холбогдож булгийн рашаан авч ирж өгсөн. Хүйтэн шингэн зүйл өгч эхний ээлжид цус алдалтыг нь зогсоохыг зорьсон.
-Одоо шувууны биеийн байдал ямар байна?
-Цус алдалт нь зогссон. Анх олоход хөдлөх ч тамир тэнхэлгүй байсан бол одоо толгойгоо хөдөлгөж, дугарч, далавчаа дэвэх маягаар нэг удаа хөдөлгөсөн байдалтай байна.
-Шувууны талаар судалсан гэж дээр хэлсэн шүү дээ. Ямар зүйлийн, хаана амьдардаг шувуу гэдгийг нь тодорхойлсон уу?
-Европын халуун орнуудаар нүүдэллэж явдаг "Балч коорбис" гэдэг шувуу юм байна лээ. Хоол тэжээлийн хувьд зөгийн бал иддэг тул зөгийн үүр сүйтгэдэг шувуу. Бас мэлхий, хорхой шавжаар хооллодог юм шиг байна лээ. Мөн нэг нүүдэл хийхдээ 10 мянга гаруй км зам туулдаг шувуу юм байна.
-Энэ зүйлийн шувуу өмнө нь Монголд ирж байсан болов уу. Ямар нэг мэдээлэл байгаа юу?
-Ах маань сошиалаар хайж байгаад нэг мэдээлэл олсон. Өмнө нь Монголд энэ зүйлийн нэг шувуу бэртсэн байдалтай олдож, нэг хүн өвлийн турш тэжээж, асарсан байсан. Ингэхдээ каашаар хооллож байгаад явуулж байсан гэсэн. Бид хэд бас каашаар хооллож үзэх бодолтой байгаа.
-Мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө мэдээлэл авсан уу?
-Ер нь шувуутай холбоотой ихэнх байгууллагатай холбогдож үзсэн. Тэгээд өнөөдөр /2024.05.29/ хоёр газраас хүн ирж үзнэ гэсэн.
-Цаашид ер нь шувуугаа мэргэжлийн байгууллагад өгөх үү. Эсвэл өөрсдөө тэжээх үү?
-Мэргэжлийн хүмүүс нь үзээд гэртээ тэжээж, асарч болно гэвэл манайхан өөрсдөө тэжээж байгальд нь тавих бодол хүсэл их байгаа.
-Шувуундаа нэр өгсөн үү?
-Нэр өгөх бодолтой байгаа. Ах маань өнөөдөр өгнө гэсэн. Одоогоор бид “шувуу маань” гэж дуудаж байгаа. Нэг хоносон байж бараг манай гэр бүлийн нэг гишүүн болчихсон. Манай ах өөрөө амьтанд маш их хайртай учир нэлээд сайн анхаарч байгаа. Би бол одоогоор нэр бодоогүй. Харин ээж маань “Цагаач” гэдэг нэр өгөх санал гаргасан.
-Тэр нь ямар утгатай вэ?
-Энэ шувуу маань европын орнуудаар нүүдэллэж явдаг ч одоо азид ирчихсэн байгаа болохоор “Цагаач” гэдэг нэр өгвөл тохирох юм биш үү гээд ээж энэ нэрийг санал болгосон.
-Ярилцлагын явцад нэлээд сонирхол татсан нэг зүйл байлаа. Шувууныхаа нэг далавчаас өөр шувууны өд зүйж, тогтоосон байх шиг байна. Энэ нь ямар учиртай вэ?
-Өөр шувууны далавчийг дом маягаар өөрийнх нь далавчтай уясан. Энэ дом нь муугаар бодож шувуу маань үхлээ гэхэд энэ шувууны сүнсийг нь олохгүй гэсэн утгатай. Өөр шувууны өд байхаар төөрөгддөг гэсэн утгаар төөрүүлэх зорилгоор хийсэн.
-Энэ шувууны өдийг хаанаас авав?
-Рашаан авч ирсэн нэг ах өгсөн. Өвдсөн шувуунд хэрэглэдэг ийм дом байдаг гээд заасны дагуу бид домносон.
-Гэр бүлээрээ амьтанд маш их хайртай хүмүүс байна шүү дээ. Өөр ямар амьтад тэжээсэн туршлага байдаг вэ. Бас энэ шувуу чиний хувьд аварсан хэд дахь амьтан болов?
-Миний хувьд анх удаа гэртээ амьтан авч ирсэн тохиолдол болж байна. Харин ахын маань хувьд өмнө нь амьтан тэжээж, аварч байсан. Амьтанд маш их хайртай хүн байдаг. Өөрөө өмнө нь муур тэжээж байсан учир муур тэжээдэг хүмүүсийн дунд нэлээд алдартай. Учир нь олон танигдсан “Вася” гэдэг мууртай байсан. Энэ шувууг бас болж өгвөл өөрөө тэжээж байгаад тавих хүсэлтэй байгаа. Гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн бүгдээрээ л энэ шувуунд дуртай, хайртай байгаа.