Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчны 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган, "Парис-2024 олимпод Монгол Улсаас нийт 33 тамирчин оролцох эрхээ авсан байдаг. Монголын Үндэсний Буудлагын хороонд МҮОХ-ноос зургаадугаар сарын 09-ний өдөр мэдүүлгээ ирүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Бүртгэлийн хугацаа долдугаар сарын 08-ны өдрөөр дууссан. Энэ хооронд Буудлагын хорооноос дутуу бөглөсөн албан бичигтэй холбоотой ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Түүнчлэн бид ОУОХ-ны Буудлага зохион байгуулах холбоотой холбогдож хоёр тамирчны эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн боловч боломжгүй гэдэг хариу өгсөн. Гэхдээ бид дахин албан бичиг ОУОХ руу явуулна" гэв.