Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27...+29 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.