Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Тодруулбал, түүний айлчлал өнөөдөр /2024.07.08/эхэлнэ.
Тэрбээр Монголд төрийн айлчлал хийж буй анхны хаан юм. Өмнө нь Монгол Улсад Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито угсаа залгамжлах хунтайж байхдаа 2007 онд, Эдинбургийн гүн Хунтайж Филипп буюу Хатан хаан Элизабет агсны нөхөр 1997 онд ирж байжээ.
Харин Бутаны хааны айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.