УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг тодруулж, батлах тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал өнгөрөгч даваа гараг /2024.045.20/-т хэрүүл тэмцлийн дунд болж өндөрлөсөн.
Харин энэхүү хурлын үеэр “тооллогын комисс ажиллаж, АН-аас нэр дэвшигчдийг батлах тогтоол батлагдаагүй” бөгөөд харин Л.Гантөмөр нэр дэвшүүлэх зарим хүмүүсийнхээ нэрсийг дуудаад, гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан тул хурал болж буй заалыг орхиж явсан гэх мэдээлэл байгаа юм.
Мөн Л.Гантөмөрийн ҮБХ-ны хуралдаа уншиж танилцуулсан нэр дэвшигчдээс 20 орчим хүний нэр, тойрог шөнө /2024.05.20-21/-дөө солигдож өөрчилсөн гэх мэдээлэл ч гараад байна.
Тэгвэл “АН-аас нэр дэвшигчдийг тодруулсан тогтоол”-д ҮБХ-ны хурлын тэргүүлэгчид болох Ж.Батсуурь, Ж.Баярмаа, н.Гарамгайбаатар нарын таван хүний олонх нь гарын үсэг зурахгүй, учир нь зарим нэр дэвшигчдийн тойргийг сольж, мөн нэрсийг өөрчилсөн гэж мэдэгдсэн байна. Иймд АН-аас ҮБХ-ны Тэргүүлэгч нарын гарын үсэггүй "Нэр дэвшигчдийг тодруулсан албан тоот"-ыг Сонгуулийн ерөнхий хороо руу явуулахаар болсон гэх мэдээлэл байна. Хэрэв энэхүү албажаагүй тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахгүй бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН оролцох боломжгүй болж магадгүй байна.