Д.Амартүвшин: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвших болзол тавьж, АН-д нэгдсэн ч Лу.Гантөмөр амлалтаа биелүүлсэнгүй /ШУГАМ/

Д.Амартүвшин: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвших болзол тавьж, АН-д нэгдсэн ч Лу.Гантөмөр амлалтаа биелүүлсэнгүй /ШУГАМ/

2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ намууд өчигдөр эцсийн байдлаар зарлах ёстой байсан. Өчигдөр МАН-ын Бага хурал болон АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж жагсаалтаар болон тойргоор нэр дэвшигчдээ зарлалаа. Нэлээд хүлээлттэй байсны дээр багагүй маргаан дагуулсан нам яалт ч үгүй АН байв. Гэтэл иргэд нь ч тэр горилогчид нь ч тэр урам хугарч, хэлсэндээ хүрээгүйд нь харамсаж байгаагаа цахим хуудаснаа илэрхийлсээр байна. Эдгээр хүмүүсийн нэг нь Либертари намыг үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин юм.

Түүний хувьд Либертари намаа УДШ-д бүртгүүлж чадаагүй байгаа тул энэ удаагийн сонгуульд АН-тай нэгдэж оролцохоо зарлаад байсан. Харин өчигдрийн жагсаалтад тэрбээр 29 дүгээрт бичигджээ. Улмаар өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “АН-ын дарга хэлсэндээ хүрсэнгүй” гэсэн утга бүхий постыг оруулсан. Иймд бид “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 22 дахь дугаарт түүнийг урьж, АН-д орох болсон шалтгаан, ямар тохироо хийсэн талаар мөн түүний улс төрийн үзэл санаа, АН-ын нэр дэвшигчдийн сонголтыг хэрхэн харж байгаа талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Өчигдөр АН-ын ҮБХ хуралдаж жагсаалтаар нэр дэвших 48, тойрогт нэр дэвших 78 хүний нэрсийг зарлалаа. Нэр дэвшсэн онцлог хүмүүсийн нэг нь өөрийг чинь гэж харж байна. Та АН-ын жагсаалтын 29 дүгээрт бичигдсэн. 29-т бичигдээд парламентад сонгогдох боломж байгаа гэж харж байгаа юу?

-Байхгүй. Энэ бол зүгээр дэвшүүлэн зайлуулж байгаа л нэг хэлбэр.

-АН-ын энэ удаагийн нэр дэвшилтийг хэн шийдсэн гэж та харж байна? ҮБХ-ны гишүүд лав биш байх тийм үү?

-Үндэсний бодлогын хорооны гишүүд нь хөөрхий бараг юу ч хийж чадсангүй. Хүлээлгэж байгаад 11:30-ийн үед хэдэн нэр зарлаад л дууслаа. Миний хувьд сайхан туршлага л боллоо. Өнгөрсөн 4 жил АН ер нь чимээгүй л байлаа шүү дээ. Тэр энерциэрээ л явчихлаа.

Надад лав МАН-аас хамааралтай байдаг юм шиг мэдрэмж төрсөн. ХҮН намаа карманы нам гээд шүүмжлээд л байдаг шүү дээ. Гэтэл өөрсдөө ч тийм гэж харсан. Өөрөө л гарч байвал хамаагүй, МАН-ынхан энэ хүмүүст дургүй байгаа учраас энэ хүмүүсийг унагана гэсэн хандлага байна.

Бид ялах нь хамаагүй, ямар нэгэн аргаар “би л УИХ-ын гишүүн болчихвол бусад нь хамаагүй” гэсэн хандлага ажиглагдсан. Намын дарга дээр тэр тусмаа их ажиглагдсан. Уг нь би бодохдоо найман жил засагласан МАН-ыг АН-ын дарга ялъя л гэсэн бодолтой орох ёстой шүү дээ. Нэр дэвшилт ч энэ хүний л хариуцлага. Гэтэл тэр нам ялах, ялагдах нь огт хамаагүй, өөрөө нэгт бичигдээд ямар нэгэн аргаар УИХ-д гарчихвал хамаагүй гэсэн хандлагатай байх шиг мэдрэмж төрсөн.

-Тэгэхээр таны хувьд АН-ын дарга өөрөө ч юм уу, хэсэг бүлэг хүмүүстээ нэгдээд л ҮБХ-д оруулаад баталчихлаа гэж харж байна уу?

-ҮБХ хөөрхий гараа ч өргөсөнгүй шүү дээ. Заалаараа дүүрэн “үгүй” гээд орилоод байхад нэрийг нь уншчихаад л явчихсан. Дүрэм журам огт хамаарахгүй юм байна лээ. Гэхдээ надад бол их сонирхолтой л санагдлаа.

-Та Либертари нам байгуулаад УДШ-д бүртгүүлж чадаагүй. Үүний дараа энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр АН-тай хамтрахаар боллоо гэсэн. Та АН-тай хамтраад энэ сонгуульд орж байгаа юм уу, эсвэл энэ намын гишүүн болчихож байгаа юм уу?

-Манай нам хууль ёсны нам биш. Гэхдээ нам болчихсон. Аль хэдийнээ хурлаа хийгээд, гишүүдтэй, дүрэмтэй болчихсон. Удирдах зөвлөл ч бий. Гэхдээ хуулиар баталгаажаагүй нам. Тэгээд АН-аас нэр дэвшихийн тулд намынх нь гишүүн болоод дэвшихээс өөр арга байгаагүй.

-Хэн өөрийг чинь АН-тай хамтарчих гээд хөтлөөд оруулсан юм бол? МАН ч юм уу, ХҮН намтай хамтрах бодол байгаагүй юу?

-Зургаан нам манайд санал тавьсан. Бид АН-тай яриад “бид нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэг хүн, жагсаалтад нэг хүн оруулъя. Гэхдээ тэр нь заавал дээгүүр жагсаалтад байх албагүй. 30, 40 дээр байсан ч хамаагүй” гэсэг санал тавьсан.

Тэгээд Лу.Гантөмөр дарга өөрөө “ок” гэсэн. Бид АН дээр очиж санал тавиагүй, бид нарт санал тавьж байгаа тул манай нам дээр ирээд хэвлэлийн хурлаа хийсэн.

-Анх АН-д нэгдэх болсон тохироог та хэллээ шүү дээ. Нууц биш бол Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хэнийг нэр дэвшүүлэх гэж байсан юм бол?

-Би өөрөө дэвших байсан. Манай намын удирдах зөвлөлөөс нэг хүнийг листэндээ аваарай гэсэн тохироог л хийсэн. Ер нь Монгол Улс МАН гэдэг нэг намтай л болчихсон юм байна. Бусад нам нь тэр намынхаа дүрмээр тоглодог, тэр намынхаа үгнээс гардаггүй, лидерүүдийнх нь үгээр явдаг юм байна л гэж би харсан. Гол нь тэд нараасаа айдаг юм шиг санагдсан. Х.Баттулгыг эсэргүүцээд бөөнөөрөө л орилолдоод байсан чинь Х.Баттулга чинь бараг гэр бүлээрээ нэр дэвшчих шиг боллоо шүү дээ. Охин нь, хүргэн нь, хуучин эхнэр нь, өөрөө гээд гэр бүлээрээ нэр дэвшлээ.

-Ер нь АН-ын удирдлагууд хэлсэн амандаа хүрээд тойрогт нэр дэвшүүлсэн бол ямар үзэл санааг дэвшүүлье гэж бодож байв?

-Ардчиллын үзэл санааны хамгийн гол суурь нь чөлөөт зах зээл, бага татвар, бага төрийн дарамт, аль болох бага төрийн өмч байя гэсэн л үзэл санаа. Сүүлийн үед төр дураараа хувийн өмчийг хурааж, дураараа хүн гүтгэдэг болж. Төсвийн хууль гэдэг зүйл ч хэнд ч хамаагүй бөолчихлоо. Сүүлийн хоёр сарыг харвал төслийн хуулийг зүгээр л нулмиж байна. Тэгэхээр төрийн дарангуйлал нэлээн томорчихсон байж гэдгийг харж байна. Гэхдээ миний хувьд 2020 онд л их сайн ойлгох ёстой байсан юм байна. 2020 онд олон хүмүүсийг нэр дэвшиж байхад нь шорон руу хийсэн шүү дээ. Тэр үед л Монгол Улсын улс төр нэлээн эвгүй тал руугаа явж байна гэдгийг харах ёстой байсан байна. Нам дотроо л зодолдож байна гэж харж байсан.

-Либертари нам азв нь таараад УИХ-д суучихвал юуны төлөө зорьж байгаа вэ?

-Хийсвэр зүйл бол яримааргүй байна. Угаасаа парламентад суух ямар ч боломжгүй л болчихлоо шүү дээ. АН-ын жагсаалтын 29-д жагссан хүн парламентад сонгогдох ямар ч боломжгүй. Энэ бол дэвшүүлэн зайлуулах процесс явагдаж байна гэж харж байгаа.

Сүхбаатар дүүрэг дээр судалгаа явуулахад ретингээрээ одоо АН-д байгаа Сүхбаатарт нэр дэвшсэн бүх хүмүүсээс би хамгийн эхэнд явж байсан.

-УДШ дээр 801 иргэний мэдээлэл баталгаатай байх ёстой шүү дээ. Танай Либертари намын хувьд тэр мэдээлэл нь зөрөөд байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжуудаас сонссон. Таны мэдээллээс харахад ер нь либертари намыг бүртгэхгүй байх процесс яваад байна гэж байсан. Ер нь танай нам юу болсон бэ?

-Хамгийн гол шалтгаан нь 801-ээс их болон багагүй гишүүний гарын үсэг цуглуулах гэсэн журмыг УДШ-ээс гаргасанд л гол учир байгаа. 801-ээс багагүй гэж хуулиндаа заасан байсныг Дээд шүүх өөрчлөөд 801-ээс их болон багагүй болгож өөрчилсөн. Дээд шүүхээс энэ журмаа тайлбарлахдаа санхүүгийн бололцооноос болоод ингэж өөрчилсөн. Тийм учраас бид 801-ээс их болон багагүй гэдэг хуулиа давсан журам гаргачихсан юм гэсэн тайлбарыг хийсэн. Гэтэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нөгөө журмаа байхгүй болгочихсон байсан.

-Танай намыг хэрвээ бүртгэчихсэн байсан бол та 126 хүнийг нэр дэвшүүлж чадах байсан уу?

-Заавал 126 хүн биш юм байна лээ. Тойрогт 40 гаруй, жагсаалтад 40 гаруй хүнээ дэвшүүлээд явсан бол болохоор байсан. Сүүлийн үед хүмүүс шүүх рүүгээ хамаагүй дайраад байдаг болсон байна. Бид шүүхдээ итгэхгүй бол өөр хэндээ итгэх вэ дээ. Үүнийгээ сайжруулах тухай ярихаас биш шүүх рүүгээ дайраад байж болохгүй. Сүүлдээ бараг шүүхийнхээ эрх мэдлийг аваад, Б.Солонгоо гэж хүүхэн чинь юу вэ бараг шүүхийнхээ өмнөөс шийдвэр гаргаад яваад байна лээ шүү дээ. Гурван шатны шүүхээр шийдэгдчихсэн зүйлийг бараг өөрчлөөд байгаа юм биш үү. Би тэр хүнийг Харвард төгссөн гэдэгт нь эргэлзсэн. Шүүхийн шийдвэрийг дарга ингээд өөрчилчихдөг юм бол бид шүүхтэй байгаад яадаг юм. Буцаад социалист үе рүүгээ, дарга бүхнийг шийддэг байсан үе рүүгээ буцья л даа.

Саяхан л Х.Баттулга гэж хүн “Би сонгуульд оролцохгүй” гээд С.Зориг агсны хөшөөн дээр оччихсон яриад л байсан биз дээ. Гэтэл тэр яриаг ярьсан өдрөөс хойш микрофон дээр наалдсан шүлс нь ч хатаж амжаагүй байхад өөр юм яриад яваад байх юм.

-Ер нь АН-ын одоогийн удирдлагууд ардчилал, эрх чөлөөг хамгаалж чадна гэж бодож байна уу?

-Яг энэ байдлаараа хэцүү л юм байна лээ. Гэхдээ анх удаа АН-д орж үзэхэд АН-ын гишүүд бол эрх чөлөөнд маш их хайртай залуус байдаг юм байна лээ.

-Сонгуулийн дараа та АН-д үлдэх үү? Либертари намаа бүртгүүлээд, өргөжүүлээд явах уу?

-Би нэг зүйлийг дахин хэлмээр байна. Монгол улс нэг намын дарангуйлал руу орчихсон юм биш биз. АН гэдэг нам бараг байхгүй шахуу болчихсон юм биш үү. Хэдэн эрх ашиг хайсан хүмүүс том намтайгаа тохироо хийгээд өөрсдөө гарчихдаг юм байна. Миний хувьд Либертари намаа байгуулаад, өргөжүүлээд явна. Гол нь иргэдийг маш сайн өөрчлөх ёстой юм байна. АН-ынхан ялах тухай огт бодохгүй байна. Би чинь уг нь АН ялна, ална гээд орж ирсэн чинь дарга нарын хувьд, дээргүүр байгаа хүмүүсийн хувьд тийм зүйл огт алга. Дотроо аль хэдийнээ ялагдчихсан байна.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө