Сүүлийн таван жилийн хугацаанд Макаод Монгол Улсын 169 иргэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд олонх нь хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Тиймээс Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хилээр нэвтрүүлэхдээ нарийн шалгадаг болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийх үеэрээ Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чактай уулзаж энэ талаар ярилцжээ. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод нэвтэрч буй Монгол Улсын иргэдийг хил, гаалийн нарийвчилсан шалгалт явуулж байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Б.Энхбаяр сайд хэлсэн байна.