Х-ТҮЦ хамтлаг нь Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын өгүүллэг туужийг зохиолчийн зөвшөөрөл авалгүйгээр удаа дараа жүжиг болон кино контент хийсэн тул шүүхэд дууджээ.
Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын хүү зохиолч, нийтлэлч Д.Буян, "Маргаан үүсээд байгаа туужийг бид цагаан сарын өмнө мэдсэн. Цагаан сараар манай хүү зурагт үзээд өвөөгийн зохиолыг тоглож байна гээд байсан. Тухайн үед ухраагаад үзэхэд манай аавын “Цагийн өнгө” гэдэг 1978 онд бичсэн туужийг бараг тэр чигээр нь аваад нэрийг нь “Базарваань” болгож өөрчлөөд видео контент болгосон байсан. Энэ зүйл нэг удаа болоогүй, удаа дараа болж байна.
Гурван жилийн өмнө Л.Баттулгатай нэг маргаан үүсгэж байсан нь аавын маань бичсэн “Улаанхамбан дээлтэн ба дэлхий даахгүй баян" гэх 1990 оны дунд үед бичсэн өгүүллэгийг мөн л агуулга утга санааг нь аваад тоглолт хийсэн. Мөн бусад олон зохиолууд бий. Бид оюуны өмчөө хамгаалах эрхтэй учир энэ маргаанаа үргэлжлүүлнэ. Манай аав Ц.Доржготов хошин зохиолуудаараа алдартай. 1990-ээд онд хошин урлагийнхан манай аавын зохиолыг их ашигладаг байсан. Тухайн үед оюуны өмч гэж яригддаггүй байсан. Бидэнд хэлж яриад зөвшөөрөл аваад аавын маань жүжгийг тоглодог хүмүүсээс бид мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Харин саяны Х-ТҮЦ-ийн жүжиг бол оюуны өмчийг ноцтойгоор зөрчсөн. Нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулаад мааз болгож, болхи, арга ядсан байдлаар хийсэн байгаа нь бидэнд хүнд тусаж байна. Бүх хошин урлагийнхан бусдын бүтээлийг хулгайлдаггүй. Гэтэл Х-ТҮЦ-ийн бүтээл гэж бараг байхгүй. Дандаа асуудал үүсгэж байдаг. Өмнө нь “Сэрүүн хасын нууц”, “Солиот эх” зэрэг зохиолуудад бас л маргаан үүссэн. Бусдын оюуны өмчийг хулгайлчхаад тоох ч үгүй, уучлалт ч гуйхгүй байгаад бид бүхэн маш их эмзэглэж байна. Үүнийг л таслан зогсоомоор байна. Бид шүүхэд зарчмын дагуу хандах болно" гэлээ.