Өнөөдөр Навальныйг Москва хотын Борисовын оршуулгын газарт 14:00 цагт оршуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй салах ёсыг “Марьино” дүүргийн сүмд үйлдэх бөгөөд өнөөдөр түүний шарилыг авч явах үед нь саад учруулсан талаар талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тодруулбал, шарил ачиж явах машины жолоочдыг нэгэн үл таних этгээд дуудаж “түүний цогцсыг хаашаа ч авж явах хэрэггүй” хэмээн сүрдүүлсэн байна. Мөн Москвагийн цагдаа нар “Марьино” дүүргийн сүмийн гадаа төмөр хашаа байрлуулсан байдалтай байгаа аж. Учир нь түүний оршуулах ёслолтой холбоотойгоор үймээн самуун дэгдэж болзошгүй талаар холбогдох хүмүүс мэдээлж байсан юм.
Өнгөрсөн мягмар гарагт талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “оршуулгын ёслол хийх газар олоход их хүндрэлтэй байлаа. Ихэнх нь Навальный гэх нэрийг сонсоод татгалзаж, бидэнтэй хамтарч ажиллаж болохгүй гэсэн чиглэл дээрээс авснаа хэлсэн” гэж мэдэгдэж байжээ.