Аялал жуулчлалын холбоог "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан атгаж, тус газрыг Ховдынхноор дүүргэж, жуулчинд хөтөч хийсэн иргэнээс 600 мянган төгрөг хураах журам гаргажээ

Аялал жуулчлалын холбоог "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан атгаж, тус газрыг Ховдынхноор дүүргэж, жуулчинд хөтөч хийсэн иргэнээс 600 мянган төгрөг хураах журам гаргажээ

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр  баталсан юм.

Энэ дагуу өнгөрсөн оны долдугаар сард "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулж, холбооны ерөнхийлөгчөөр нь "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сонгосон байдаг. Тэгвэл тус холбооны ерөнхийлөгч нь эхнээсээ "захиалга"-тай байсан гэх бөгөөд өдгөө мэргэжлийн бус, чадамжгүй ажиллаж, аялал жуулчлалын холбоог мөнгө угаах хэрэгсэл болгож байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

-"ТАВАНБОГД ГРУПП"-ИЙН Ц.БААТАРСАЙХАНЫГ АЖМХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ САНАЛЫГ Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД ТАВЬЖЭЭ-

Тодруулбал, шинэчлэн найруулсан Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1-д "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна" гэж заажээ.

Энэ дагуу Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурлыг өнгөрсөн оны долдугаар сард  /2023.07/ зохион байгуулсан аж. Тус хуралд 60 гаруй хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч "Ц.Баатарсайханы хүмүүс" байсан байна. Энэ ч утгаараа түүнийг ерөнхийлөгчөөрөө сонгосон байгаа юм. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хурлыг зохион байгуулахын өмнө Ц.Баатарсайханыг холбооны ерөнхийлөгчөөр ажиллах саналыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тавьсан гэх мэдээлэл байна. 

Үргэлжлүүлэн 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр болсон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханыг, Удирдах зөвлөлийн даргаар "Айхотел" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Золбадралыг сонгож, ажлын албаны даргаар М.Нарангэрэлийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна. Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Б.Золбадралын тухайд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй "Жи Си Ай"-д хамт байдаг нэгэн аж. Магадгүй энэ ч утгаараа уг албан тушаалд очсон байхыг үгүйсгэхгүй юм. 

-Ц.БААТАРСАЙХАН НЬ ТУЗ-ИЙН ГИШҮҮДЭЭ ӨӨРИЙН НУТГИЙН ХҮМҮҮС БОЛОХ ХОВДЫНХНООР БҮРДҮҮЛСЭН БАЙНА-

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог толгойлох болсон Ц.Баатарсайхан нь тухайн албан тушаалд очсон даруйдаа удирдах зөвлөлийн гишүүдээ өөрийн нутгийн хүмүүс болох Ховдынхноор бүрдүүлжээ. Тодотговол, холбооны удирдах зөвлөлийн гишүүнд М.Нарангэрэл, Г.Отгонбаатар, С.Алтантуяа, Б.Мөнхбат, Б.Дуламсүрэн, Ч.Батхуяг, В.Батзориг, Ц.Ганзориг, О.Мөнхнасан, Ч.Бат-Эрдэнэ, Б.Оюун-Эрдэнэ, Э.Цоморлиг, Б.Ижилмөрөн, Д.Энхбаатар Ч.Болорхүү, Д.Батболд нарын хүмүүс багтжээ. Хамгийн ноцтой нь ажлын албаны дарга М.Нарангэрэл гэгч нь өөрийнхөө хувийн компанид ажиллуулдаг байсан нягтлан бодогчоо ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр холбоондоо шууд ажилд авч, ажиллуулж эхэлсэн байгаа юм.  

-БҮХ НИЙТИЙН ГИШҮҮДИЙН ХУРЛЫН САНАЛЫН ЭРХЭЭ 150-300 МЯНГААР "ЗАРСАН" АЖМХ НЬ ЖУРАМ НЭРИЙН ДОР ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРААС 600 МЯНГЫГ АВАХААР УЛАЙРЧ БАЙНА-

Тэгвэл Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагууд нь тус холбоог мөнгө угаах хэрэгсэл болгож эхэлсэн байж болзошгүй байгаа бөгөөд энэ ч утгаараа салбарынхныхаа эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тодотговол, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь байгуулагдсаныхаа дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний өдөр /2023.10.24/ бүх нийтийн гишүүдийн хурлыг зохион байгуулсан байдаг.

Тус хуралд оролцож, санал өгөх эрхийг тур операторууд 300 мянга, хөтөч, тайлбарлагч, нутгийн иргэд 150 мянган төгрөгөөр олгосон байна. Гэвч эл мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, Ажлын алба нь өнөөг хүртэл тайлангаа тавиагүй байгаа аж. Гэтэл дахин хөтөч тайлбарлагч нараас жилд 600 мянган төгрөгийн хураамж авах заалтыг журам нэрийн дор оруулж, татахаар болоод байгаа юм. Магадгүй энэ нь мөнгө угаах арга байж болзошгүй хэмээн эсэргүүцэлтэй тулгарч, хэл ам дагуулаад байна. Тиймээс БОАЖЯ-нд тунхаг бичиг барьж, нийт гишүүдийн чуулган хийхээр болоод байгаа аж.

Ямартай ч төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэнэ гэгдэж буй Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог "Таванбогд групп"-ийн Ц.Баатарсайхан удирдаж, аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлоход мэргэжил арга зүйгээр хангаж, салбарын хөгжлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад анхаарах бус аялал жуулчлалын салбарын тэргүүн эгнээнд явах учиртай хөтөч, тайлбарлагч нараас хүчээр татвар хураамж авах зэрэг ажлыг хийж эхэлсэн нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. 

Үргэлжлэл бий ...




Өнөөдөр тахиа өдөр

32 минутын өмнө