Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын шавь нарын нэг 22 настай Хокүсэйхо буюу Э.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Японы хэвлэлүүдээр гарсан. Энэ асуудалтай холбогдуулан, Японы сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулж, сүмо бөхөөс хасах харин Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийдвэрийг тус тус гаргасан юм.
Энэ талаар Японы NHK телевиз “Хокүсэйхо А.Даваанинж доод дэвжээний бөхчүүдээ алгадаж, төмсөг хэсэг рүү нь цохисон мөн тэдэн рүү шавьж устгах бодис цацаж, шүүрний ишээр цохисоноо хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгджээ.
А.Даваанинж гэмтлийн улмаас нэгдүгээр сарын тэмцээний дундуур гарч явсан ч үнэндээ гэмтэл биш оякататайгаа муудалцсан хэрэг байсан гэж зарим хэвлэлд бичсэн байна.