Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, энэ сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.