Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Тодруулбал, өнөөдөр /2024.02.12/ баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи маргааш буюу энэ сарын 13 -нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.