Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртэй уулзахдаа 1,000 инженер бэлтгэх асуудлаар санал солилцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртэй уулзахдаа 1,000 инженер бэлтгэх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхав.

Энэхүү айлчлал Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Германы урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудыг биелүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхай, аж үйлдвэр, зам тээвэр, хот байгуулалт зэрэг салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх, үр бүтээлтэй хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийн талаар санал солилцлоо.  

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Монгол, Германы иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод хоёр улсын хооронд үйлдэж буй шууд нислэгийг нэмэгдүүлэх, визний шаардлагыг хялбаршуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшдаг учир сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өргөн боломжтой. ХБНГУ энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр тэмдэглэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс Европын Холбооны улсуудаас хамгийн анхны Стратегийн түншлэлийн гэрээг Герман улстай байгуулж байгаадаа баяртай байна. 1990-ээд оны үед Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан улс байхыг Үндсэн хуулийг тунхаглан зарлаж, бүс нутгийн хэмжээнд ардчилсан замаар эргэлт буцалтгүй явах шийдвэрийг гаргаж байлаа. Энэ агуулгаар Жон Керри Монгол Улсыг "Бүс нутагтаа ардчиллын баянбүрд" гэж хэлсэн байдаг.

Монголын ард түмэн далайд гарцгүй ч оюун санааны хувьд нээлттэй байж, гадаад харилцааны олон тулгууртай, гуравдагч хөршүүдтэй, хөрөнгө оруулалтыг илүү татахыг эрмэлзсэн, чөлөө хэвлэл, олон намын системтэй, илүү чөлөөтэй үзэл бодлын мэтгэлцээнтэй байж өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилсан замаар эргэлт буцалтгүй явж ирлээ. 1992 оны Үндсэн хуулийн эх нь Германы үндсэн хуульд тулгуурласан байдаг. Монгол Улсын 30 жилийн аялал бол Герман улстай, Герман улсын эрдэмтэн судлаачидтай салшгүй холбоотой. 

Өнгөрсөн аравдугаар сарын айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцлаа. Хамтын ажиллагааны хувьд эрчим хүчний төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Аялал жуулчлал, шууд нислэг нэмэгдүүлэх, 1,000 инженер бэлтгэх, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ)-үүдэд манайд хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх, хот байгуулалт зэрэг олон талаар хамтарч ажиллахаар ярилцлаа. Эрхэм Холбооны Канцлер Шольцод миний халуун мэндийг дамжуулахыг хүсье. Канцлер Шольцын хэлсэн "Ардчилал бол дээрээс бууж ирдэг үнэт зүйл биш. Бид өөрсдөө тэмцэж босгодог зүйл" гэсэн үгэнд би дуртай. Дайны сорилттой, дэлхий хуваагдмал ийм үед улс орнууд бие биенээ дэмжиж, дэлхийд энх тайван тогтоохын төлөө хамтдаа цуцалтгүй хичээх хэрэгтэй" гэлээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

37 минутын өмнө

Шуурхай мэдээ