Германы айлчлалын өмнө ОХУ-ын ЗГ-ын орлогч ирж "Монголын бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг бууруулах" зэрэг В.Путины түвшинд ярьсан асуудлуудаа ажил болгоё гээд буцав

Германы айлчлалын өмнө ОХУ-ын ЗГ-ын орлогч ирж "Монголын бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг бууруулах" зэрэг В.Путины түвшинд ярьсан асуудлуудаа ажил болгоё гээд буцав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамтаар энэ өдөр /2024.02.07-08/-үүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 

-ЕВРОПЫН ОРНУУДААС МОНГОЛТОЙ АНХНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛСАН ОРОН ГЕРМАН БОЛОВ-

Энэ удаагийн айлчлалаар Монгол, Германы харилцааны түвшнийг шат ахиулж,  Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Ингэснээр ХБНГУ нь Европын орнуудаас манай улстай стратегийн түншлэл байгуулсан анхдагч улс болж байна. Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байгаа юм. 

Мөн энэхүү айлчлалын үеэр “Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр зэрэг есөн баримт бичгийг баталлаа. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр өнөөдөр /2024.02.08/ малчин айлд зочлоод манай улсад хийж буй төрийн айлчлалаа өндөрлүүлнэ гэх мэдээлэл байна.

-ГЕРМАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛААС НЭГ ӨДРИЙН ӨМНӨ ОРОСЫН ОРЛОГЧ ДАРГА ИРЖ "ХЭЛЭЛЦЭЖ ТОХИРСОН АСУУДЛАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЁ" ГЭЭД БУЦАВ-

Харин Германы Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалаас яг нэг өдрийн өмнө /2024.02.06/ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Ерөнхийлөгч У.Хүрэлсүрэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзалт хийлээ. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын айлчлалын өмнөхөн хийж буй А.Л.Оверчукын уулзалт санамсаргүй тохиолдол биш хэмээн үзэх иргэд олон байгаа юм.  Тэгвэл ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ, “Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаа”-гаа мэдэгдсэн байна.

Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ,  “хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулсан” байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хийсэн уулзалтын гэрэл зураг. 2023.10.17

Тэгвэл 2023 аравдугаар сарын 17 /2023.10.17/-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай Бээжин хотод болсон “Бүс ба Зам” чуулганы үеэр уулзаж, “Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохирч, “Эгийн гол”-ын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болсон байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай уулзав. 2023.10.26

Харин энэхүү уулзалтаас 8 хоногийн дараа буюу 2023 оны аравдугаар сарын 26 /2023.10.26/-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын ерөнхий сайд М.В.Мишустинтай Бишкек хотод уулзаж, “хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавьсан” бол ОХУ-ын ерөнхий сайд М.В.Мишустин “цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаа”-гаа илэрхийлсэн байдаг.

Энэ бүхнээс үзэхэд  Монгол, Германы харилцаа шат ахиж байгаа бол, нөгөө талд ОХУ-ын тал эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлье, улмаар өнгөрөгч аравдугаар сард болсон хоёр орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хүрээнд ярилцсан Монголын  бүтээгдэхүүний ОХУ-д экспортлоход ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах асуудлыг эргэж харъя гээд буцсан байж магадгүй байна. Мэдээж энэ бүхний ард геополитикий том бодлого яваа нь дамжиггүй. Сонирхуулахад,  ОХУ-ын хувьд импортын бараанаас 30-40 хувийн татвар авдаг тул гаалийн татвараа буулгах хүсэлтийг Оросын талд манай улс олон жилийн турш тавьж байгаа юм.