УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын даргад Д.Сүнжидийг нэр дэвшүүлж, Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын даргад Д.Сүнжидийг нэр дэвшүүлж, Байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2023.11.30) Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дугарын Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах саналаа тэрбээр танилцуулав.

Улсын Их Хурлаар тус Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталж, хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьсан хэмээн Г.Занданшатар дарга тэмдэглээд “Энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцдэг байхаас гадна хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийж, бүхий л хуульд үнэлэлт, дүгнэлт өгч, хүний эрхийг дээдэлсэн хууль зүйн шинэчлэлүүдийг хийх зорилтыг тавьсан. Аливаа хуулийг хэлэлцэхдээ хүний эрх төвтэй байх үндэс суурийг тавих шаардлагатай гэж үзсэн. Гэвч хүний эрхийн асуудал, яриа маань тунхаглалын шинжтэй байж болохгүй. Энэ нөхцөл байдалтай уялдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзалтууд хийсэн. Эрх зүйн цогц шинэчлэл хийх, гадаад дотоод мэдээллийн урсгалаа нэг болгох, аливаа асуудлын үнэн эсэхийг тухай бүрд мэдээлдэг байх, эрүүдэн шүүлттэй тэмцэх механизмыг ажиллуулж буй арга барилын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ хүрээнд тус Комиссын гишүүдээс байгууллагын үйл ажиллагаагаа сайжирч, жигдэртэл Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санал санаачилга гаргасан” гэв.

Ийнхүү тус Комиссын гишүүдийн саналыг үндэслэн, хуралдаж, саналаа ирүүлэхийг Улсын Их Хурлын дарга хүссэн бөгөөд энэ дагуу ирүүлсэн хүсэлтээр хуралдаж, тус хуралд оролцсон гишүүдийн 100 хувь дэмжсэн саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна. Тус Комисс нь хамтын удирдлагатай байгууллага гэдгийг Г.Занданшатар дарга тэмдэглээд, хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлал, шинэ эрч хүч хэрэгтэй байгааг харгалзан, ротацын зарчмаар томилж байх саналыг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад Д.Сүнжидийг нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Иймд тус Комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл, санаачилгыг үндэслэн Д.Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах саналаа Байнгын хороооны хуралдаанд Улсын Их Хурлын дарга танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.

2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлага, онол-практикын мэдлэгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийг тус Комиссын даргад нэр дэвшүүлж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ