УИХ-ын 17 гишүүн нийлж, Ажлын хэсэг гээчийг байгуулж байгаад улсын төсөвт 212 төслийг гэнэдүүлж оруулж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн төсөлд үйлчилгээний зориулалттай зургаан давхар барилгыг урьдчилж бэлдээд "эмнэлэг" болгоно хэмээн 40 тэрбум төгрөгөөр худалдан авах гэж байгаа ноцтой баримтыг бид энэ удаад дэлгэж байна.
ВИДЕО:
Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын гишүүд тойргоо услахын тулд хэн нэгнийх нь ашиг сонирхол орсон байж магадгүй, үйлчилгээний зориулалттай дутуу баригдсан барилгыг эмнэлэг нэрийн дор улсад худалдан авахаар төлөвлөжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах "Баянтэгш импекс" ХХК-ийн зургаан давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 1 мкв-ыг нь 12 сая орчим төгрөг буюу нийт 40 тэрбум төгрөгөөр улсад худалдан авахаар 2024 оны төсөвт суулгасан байгаа юм. Гэтэл өнөөдөр 1 мкв барилгын дундаж үнэ 5 сая төгрөг байна. Зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр энэхүү барилгыг худалдан авах гэж байгаа нь ч аль нэг гишүүний ашиг сонирхолд орчихов уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Учир нь татвар төлөгчдийн мөнгөөр аливаа бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж худалдан авах тохиолдолд заавал тендер сонгон шалгаруулалт зарлах учиртай. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд барилгаа урьдчилж бэлдээд түүнийгээ худалдан авахаар төсөв батлагдлуулсан байгаа юм.
Баянзүрх дүүрэг эмнэлэгтэй болох гэж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэй, улстөрчийн өгөөш байх учиргүй. Гэтэл Ж.Чинбүрэн гишүүний хэлж буйгаар дээрх барилгыг 40 тэрбумаар худалдан авах, яриа тохироо хэдийнээ хийгджээ. Гэтэл үнэн ил болох үед Б.Энхбаярын нарын гишүүд хормойгоо манаж, энэ талаар мэдэхгүй хэмээн мэлзэж байна. Гишүүдийн ийнхүү улайрч, ашиг сонирхол нь шингэсэн байж магадгүй тухайн барилга нь "Баянтэгш импекс" ХХК-ийн эзэн, "Сүү" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Мэндсайханых бөгөөд 3362 мкв-т зургаан давхар барилга аж. Энэхүү барилгын газар нь өдгөө хууль шүүхийн байгууллагад маргаантай байгаа.
Хамгийн ноцтой нь тухайн барилга нь эхнээсээ хууль зөрчиж, зөвшөөрөлгүй баригдаж байсан бөгөөд өдгөө улсын комисс хүлээж аваагүй, барилгын сууринаас ус ихээр гардаг гэх шалтгаанаар хүлээн авах боломжгүй байх магадлалтай байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.