ВИДЕО: Охидын осолд орсон зам “хурд сааруулагчгүй, бүдэг зураастай" байсныг ЕБ-ын 122 дугаар сургуулийн удирдлагууд үгүйсгэв

ВИДЕО: Охидын осолд орсон зам “хурд сааруулагчгүй, бүдэг зураастай" байсныг ЕБ-ын 122 дугаар сургуулийн удирдлагууд үгүйсгэв

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудалд есдүгээр сарын 21-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам гарч яваад автомашинд мөргүүлсэн харамсалтай хэрэг гарсан.  Улмаар бид хэргийн газраас албаны тодруулга мэдээллийг хүргэж, замын нөхцөл байдлыг сурвалжилсан.

Тодруулбал, "Prius" маркийн автомашин явган хүний гарц дээр хурдаа сааруулаагүйн улмаас хоёр охиныг мөргөж, 12 настай Н гэх охин замын хажуу тал руу шидэгдэж амь насаа алдсан бол, 13 настай Х гэх охин хүнд бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Мөн эл харамсалтай хэрэг цахим сүлжээнд тарж, хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар иргэд байр суурь, үзэл бодлоо илэрхийлж буй. Ингэхдээ хүүхэд хохирч буй харамсалтай ослыг “нэг өдрийн сэдэв болгож, нэг удаа сошиалд шуураад өнгөрөх биш хүүхдийн амьдрал орчны аюулгүй байдалд онцгойлон анхаарч, нэгдсэн шийдэлд хүрч ажил хэрэг болгох хэрэгтэй” хэмээн уриалаад байгаа билээ. Иймд бид сургууль орчмын зам талбайн аюулгүй байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр дээрх харамсалтай хэрэг болсон ослын газраас тодруулга авч, шууд дамжуулан хүргэсэн.

ВИДЕО:

Энэ үед ослын газар Мөрдөн шалгалт хийсэн ТЦГ-ын алба хаагчид, “2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр 12:41 минутад “Тахилтын 4-р буудалд гарцаар гарч явсан хоёр хүүхэд дайрууллаа” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь үзлэг шинжилгээ хийхэд гарцаар явж байсан хоёр эмэгтэй хүүхдийг тоёота приүс маркийн автомашин мөргөсний улмаас 12 настай Н нас барсан, 13 настай Х хүнд бэртсэн байсан.

Одоогоор 13 настай Х ГССҮТ-д эмчлүүлж байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг дүгнэлт гарахаас өмнө өгч болохгүй. Урьдчилсан байдлаар осол гаргасан жолооч 1996 онд төрсөн 27 настай эрэгтэй байсан. Ослын газар үзлэг хийх явцад шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон. Харин мансуурсан эсэхийг шалгаж байна.

Осол болсон Тахилтын замд хурд сааруулагч, гэрлэн дохио зэрэг байгаагүй. ТЦА-наас үзлэг хийж 2023 онд 48 сургуулийн орчимд яаралтай хурд сааруулагч байршуулах хүсэлт холбогдох байгууллагад нь өгсөн” гэв.

Харин ослыг харсан эх сурвалжуудын өгсөн мэдээллээр “Автомашин хурдтай явсан. Хоёр охиныг мөргөхдөө ямар ч хурдаа сааруулах зогсох үйлдэл хийгээгүй. Охидыг нэг 12 настай Н замын хажуу өвс рүү шидэгдэж, амиа алдсан. 13 настай Х ойролцоогоор зургаан метр шидэгдэж, хамар болон шагай нь хугарсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан. Харин охидыг мөргөсөн тоёота приүс автомашинд хоёр хүн явсан. Жолооч болох эрэгтэй бууж ирээд “Би хүний хүүхэд алчихлаа” гээд сөхөрч суугаад уйлж байсан” гэсэн юм.

Охид харамсалтай осолд орсон газар буюу Тахилтын тавдугаар буудал орчмын зам маш нарийхан. Тахилтын гуравдугаар буудал хүртэл ямар ч хурд сааруулагч, гэрлэн дохио байдаггүй тул тус замаар автомашинууд хурдтай явдаг. Осол болсон газар охидын сурдаг 12 -р сургуулиас хоёр буудал 1.1 км зайтай. Тиймээс зам дагуу зохицуулагч байгаагүй аж.

Хэдийгээр сургуулиасаа хоёр буудлыг зайтай ч биднийг ослын газарт очиход тус хороонд байрлах Нийслэлийн 122 дугаар сургууль орчимд буюу гаднах замд нь хурд сааруулагч байрладаг. Харин хааш хааш хоёр гурван буудлаас ямар ч хурд сааруулагчгүй. Мөн замын зураас бүдэг байсан юм. Тиймээс бид сурагчдын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн анхаарч ямар ажил хэрэгжүүлсэн. Автомашинууд хурдтай явдаг сургуулийн ойролцоох автобусны буудал, гарцуудад хурд сааруулагч байршуулах хүсэлт тавьсан эсэх талаар Нийслэлийн 122 –р сургуулийн удирдах албаны хүмүүсээс тодруулж, мэдээлэл өгөхийг хүссэн ч татгалзсан юм.

ҮЗЭХ:

Түүнчлэн 12 настай Н охины амиа алдсан газар буюу Тахилтын тавдугаар автобусны буудалд өчигдөр /2023.09.22/ 21:00 цагт иргэд эмгэнэл илэрхийлж мянган зул өргөсөн юм.