Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох "Таал" хэмээх жижиг галт уулын идэвхжил нэмэгджээ.
Галт уулаас ялгарч буй хүхрийн давхар исэл, утааны хэмжээ дундаж түвшнээс давсан тул тус улсын эрх баригчид таван хот болон олон арван суурингийн сургуулиудыг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. "Таал" галт уулын тогооны нууран дахь халуун шингэн нэмэгдсэнээс үүдэн галт уулын хий ялгарч байна гэж Филиппиний галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн мэдэгджээ. Дээрх сэрэмжлүүлэг нь нийт таван түвшний сэрэмжлүүлгээс 1-р түвшнийх бөгөөд "галт уулын газар хөдлөлт, хийн идэвхжил бага зэрэг нэмэгдэж байна" гэсэн үг юм.
Манилагийн ойролцоох Батангас мужийн үзэсгэлэнт нуур орших 311 м өндөр "Таал" уул нь Филиппин дэх 24 галт уулаас хамгийн идэвхтэй нь аж.