Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат энэ оны зургаадугаар сарын 4-ний өдөр 20 гаруй насны орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр тус улсад баривчлагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд шүүх хурал өнөөдөр /2023.09.21/ болох талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр БНСУ-ын Чэжү хотын эрүүгийн шүүхийн хоёрдугаар хэлтэст болж, түүнд таван жилийн хорих ял оноолоо. Түүнчлэн бэлгийн хүчирхийллийн эсрэг сургалтанд хамруулж, төрийн байгууллагад ажиллах эрхийг 10 жилээр хасах шийдвэрийг прокурорын зүгээс нэмж дурджээ. Мөн Л.Мөнхбат шүүх хурлын үеэр, "Хохирогч болон түүний ар гэрийнхэн, мөн өөрийн гэр бүлийнхнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Насан туршдаа хийсэн хэрэгтээ харамсаж амьдрах болно" гэжээ.