Азийн Хөгжлийн Банкнаас "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг өнөөдөр /2023.09.20/ танилцууллаа.
Энэ үеэр Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд, "Гурван жил үргэлжилсэн хямралын дараа Монгол Улсын эдийн засаг шинэ өсөлт рүү шилжиж байна. Гэхдээ бид өсөлтийг тооноос илүү чанар талаас нь харах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.7, ирэх онд 5.9 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Эдийн засаг өсөхөд төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал мөн нэмэгддэг. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт ч тогтвортой өсдөггүй.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад өндөр түвшинд байгаа инфляцыг бууруулахгүйгээр тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн талаар ярих боломжгүй. Одоогоор инфляц 16.4 хувьтай байна. Сүүлийн үед эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэж байгаа юм.
Инфляцын гарал үүсэлд нь тохирсон бодлого хэрэгжүүлбэл илүү хурдан инфляц бууна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн гаралтай инфляцтай бодлогын хүүгээр тэмцэж болохгүй.
Нийлүүлэлтийн инфляцтай тэмцэхийн тулд нийлүүлэлтийн техник хэрэглэх учиртай. Инфляцыг бууруулж байж ирэх онуудын эдийн засгийн өсөлт хувийн хэвшилд хүртээмжтэй болно. Мөн хөдөлмөрийн зах зээлийг харахгүй байж огт болохгүй. Монголын нийт ажиллагсдын тоо 2009 оны хямралаар 3.4 хувиар буурч байсан. Тухайн үед Монголын эдийн засаг 8.9 хувиар өсөж байгаад ганцхан жилийн дотор -1.3 хувьд хүрч хямарч байсан. Үүнээс хойш цар тахлын хямрал гарсан.
Монгол Улсад 2018 онд 1,050,000 ажиллагсад байсан бол энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1,160,000 байна. Ажлын байрыг бий болгож байгаа хувийн хэвшлээ тогтвортой бодлогоор дэмжихэд анхаарч, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож, өрх, аж ахуйн нэгжүүд түүнээс ашиг хүртдэг тогтолцоо руу орох шаардлагатай. Одоогийн бидний ярьж буй цар тахлын дараах эдийн засгийн өсөлт нь уул уурхайгаас шалтгаалсан цаг үеийн өсөлт байж таараад дахин хямрах вий гэсэн болгоомжлол байна" гэлээ.
ҮЗЭХ: