Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан гэх бичлэг, мэдээлэл энэ сарын 02-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, энэ дагуу тухайн эмэгтэйг олж тогтоон цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлсэн билээ.
Харин цахим орчинд хүүхэд авч явахыг завдсан гэх 23 настай эмэгтэйг "Бага насны хүүхдээ алдсанаас болж, сэтгэцийн өөрчлөлттэй болсон" гэх мэдээлэл мөн цацагдсан байдаг. Тэгвэл тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоолгохоор харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан эмэгтэй нь бага насны хүүхдээ алдсан талаарх мэдээлэл одоогоор тогтогдоогүй байгаа юм байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.