Т.Аюурсайхан: Хэн нэгний хуулийн хариуцлагаас мултрах гэсэн сонирхол энэ дотор байна

Т.Аюурсайхан: Хэн нэгний хуулийн хариуцлагаас мултрах гэсэн сонирхол энэ дотор байна

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн юм. 

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дараах санал хүсэлтийг илэрхийлэв. Тэрбээр "Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талаас хилээр хууль бусаар нүүрс нэвтрүүлсэн асуудлын мэдээллийг хуулийн байгууллагуудаас хүссээр жил орчим хугацаа өнгөрч байна. Том тээврээр нүүрс зөөсөн болон бусад маш ноцтой асуудлын мэдээлэл ирсэн байх ёстой. Энэ асуудлууд нийгмийн анхаарлын төвд байна. Анхнаасаа төөрөгдүүлсэн, зохион байгуулалттайгаар бүтэн ес, арван сарын хугацаанд гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг маш их түгээсэн. Хэн нэгний хуулийн хариуцлагаас мултрах гэсэн сонирхол энэ дотор байна. Бид хилсээр хэлмэгдмээргүй байна. Тиймээс шүүхийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхөд анхаарахыг хүсэж байна" гэсэн юм.