Жалам хар: Хүмүүс намайг А.Гантүлхүүртэй хийсэн тулаанаар маань дүгнэж, байнга ялагддаг гэдэг. Би 10-н тулаан хийснээс дөрөвт нь л ялагдаж байсан /ВИДЕО/

Жалам хар: Хүмүүс намайг А.Гантүлхүүртэй хийсэн тулаанаар маань дүгнэж, байнга ялагддаг гэдэг. Би 10-н тулаан хийснээс дөрөвт нь л ялагдаж байсан /ВИДЕО/

Мэргэжлийн холимог тулаан Монголд харьцангуй хөгжиж, олон тамирчид товойн харагдах болсны нэг нь Жалам хар нэрээр олонд танигдсан Ө.Баярмандахтай юм. Түүний хувьд Г.Чинзоригтой тулаан хийнэ гэж, сошиал орчинд лайв хийн олны анхаарлыг татах болсон.

Тэрбээр Монголын холимог тулааны спортыг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх сонирхолтой, Монгол тамирчдаа дэлхийд гарч тулалдаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг нэгэн аж. "Гардан тулааны спортоор хичээллэж эхэлснээс хойш амьдралын маань цоо шинэ хуудас нээгдэж, миний хувьд хоёр дахь амьдрал эхэлсэн" гэж ярих түүнээс энэ спортод шимтэн дурлах, чин сэтгэлээсээ хүндэтгэж, хайрлах сэтгэл мэдрэгдэнэ. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

- Юуны өмнө таны нэрний тухай асуумаар санагдлаа. Анх яагаад Жалам хар гэх нэрийг сонгосон бэ?

Мэргэжлийн тулааны тамирчид рингэнд гарахдаа өөрсдийн гэсэн тайвширдаг эсвэл омогшдог ая тавиад гардаг. Би анх нэг гадаад тамирчинтай тулалдах гэж байхдаа "ямар аян дээр гарах вэ?" гэхээр нь "Жалам хар" гээд хэлчихсэн. Тэр тэмцээнд тулалдсан тамирчин маань гадаад, дотоодын олон тэмцээнд оролцсон, 1.9 метр орчим өндөртэй, миний ялах бараг боломжгүй тамирчин байсан ч би ялчихсан. Тэрнээс хойш л хүмүүс Жалам гэж дуудсаар одоо бараг нэр болчихлоо доо.

- Өмнө нь уурхайчин байсан гэж сонссон. Анх энэ спортод хэрхэн хөл тавьсан бэ?  Мөн энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна.

Би уурхайчин байсан. Анх нэг тэмцээний зар хараад нэг ороод үзье гэж бодоод орсон ч надад маш их таалагдсан. Тиймээс миний хувьд тулааны рингэнд гарснаар цоо шинэ амьдрал эхэлсэн гэхэд болно. Ингээд холимог тулаанаар хичээллээд найм дахь жилдээ болж байна даа.

- Холимог тулааны тамирчны амжилт хэдэн удаа тулалдаж хэд ялснаар нь тодорхойлогддог -

- Та бас гаргасан амжилтуудаас хуваалцаач?

Холимог тулааны тамирчны амжилт хэдэн удаа тулалдаж хэд ялснаар нь тодорхойлогддог. Миний хувьд нийт 10 удаа тулалдсанаас зургаа ялж, дөрвөн удаа хожигдсон байдаг.

Мөн сонирхогчийн Евро Азийн тэмцээнээс хүрэл медаль, улсын аваргаас мөнгөн медаль авч байсан.

- Одоо болох тулаан нь олны анхаарлыг их татаж байна л даа. Яагаад өрсөлдөгч тамирчнаараа Г.Чинзоригийг сонгосон бэ?

Г.Чинзоригтой өмнө нь реалити шоунд цугтаа оролцож байсан. Тухайн үед би З.Шинэчагтагатай тулалдах гэж байхад түүний эгэм нь хугарчихсан гээд тулаан хойшлогдсон. Тэр үед би "Чи худлаа бэлтгэлээс залхуурлаа" гээд хэлсэн чинь Г.Чинзориг "чи одоо юу вэ? Чи Монгол Улсын аварга болж үзсэн үү? Би чамайг бодвол таван удаагийн аварга болсон" гэж над руу дайраад жоохон маргаан болж байсан. Тиймээс дуусгаагүй зүйлээ дуусгах гэж, тулалдах тамричнаараа түүнийг сонгосон

- Олон нийтийн сүлжээгээр хараалын үг хэрэглэж, хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайлал үзүүллээ гэж их шүүмжилдэг. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ? 

Энэ спортод нэгнээ үгээр дайрч, шатааж, өдөж байх нь угаас бичигдээгүй дүрэм гэж болно.

Хэн ухамсартай, хэлсэн үгэнд нь уурлалгүй, бэлтгэл дээрх бүхнээ дайчлан тулалдаж байгаа нь ялдаг. Энэ бол тамирчин хүний сэтгэхүй. Америкт үүнээс илүү дайрч давшлах зүйлүүд байдаг. Гэхдээ би Америкт ингэдэг учраас ингэж хараалын үг хамаагүй хэрэглэнэ гээд байгаа юм биш. Энэ спортын замнал нь угаасаа ийм. Жүдо, таеквондо зэрэг бүстэй спортууд биендээ ёсолж, тэгж их хүндэтгэдэг нь Япон Улс буюу өндөр ёс зүйтэй оронд үүсч, хөгжсөн учраас тийм байдаг. Би мэдээж хүнтээ анх уулзсанаа шууд хараагаад эхлэхгүй шүү дээ. А.Гантүлхүүртэй тулалдах гээд, лайв хийж байхад ч гэсэн хүмүүс намайг чи ямар их хараал хэлдэг юм бэ, сошиалаар маш олон хүүхдүүд чамайг үзэж байна. Тэдэнд буруу үлгэр дуурайлал, хүмүүжил олголоо гээд байдаг. Тэдэнд хандаж хэлэхэд "Би та нарын хүүхдийн хүмүүжүүлэхгүй. Та нар хүүхдээ өөрсдөө сайн хүмүүжүүл".

Энэ спорт угаасаа +18 спорт. Би яг энэ спортын дүрмээр л явж байгаа.

Хэн нэгэнд таалагдахын тулд худлаа байж чадахгүй. Би лайв хийж байгаа нь үзэгчдэдээ нэг ёсны амлалт өгч байгаа юм. "Би чамайг тэд дэх үеийн тэд дэх минутанд дуусгана" гэж хэлэнгүүт үзэгчид намайг үзнэ. Нөгөө Жалам хар чинь яг хэлсэндээ хүрч, ялж чадах болов уу гээд сонирхож, мөнгө төлж үзнэ. Хари үзэгчид мөнгө төлснийх нь төлөө бид хүссэн тулааныг нь л үзүүлэх ёстой.

- Г.Чинзориг бид хоёр хэн нь сайн дасгалжуулагч, хэн нь сайн тамирчин бэ гэдгээрээ өрсөлдөнө -

- Тэмцээн ямар учиртай тэмцээн болох вэ? Цуврал тэмцээн, шоу маягаар явагдана гэж ойлгосон?

Г.Чинзориг бид хоёр эхлээд хэн нь сайн дасгалжуулагч вэ гэдгээрээ өрсөлдөнө. Тус тусын багийн арван залуусыг дасгалжуулж, хэн нь сайн дасгалжуулагч вэ гэдгээ үзээд сарын сүүлийн финал дээрээ хоорондоо тулалдаж, хэн нь сайн тамирчин бэ гэдгээ үзэх юм. Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаргуудад тулаан болно. Тасалбар үнэгүй тул сонирхсон бүх хүн ирээд үзэх боломжтой.

- Г.Чинзориг таны хувьд хэр сайн тамирчин бэ?

Г.Чинзориг босоо тулаан сайтай. Мэдээж тамирчны хувьд сайн тамирчин. Дүү нар надад тулалдах санал их тавьдаг. Уулын өөд өгсөж байлаа гэж бодоход уулын бэлд байгаа хүнтэй тулалдах шаардлага надад байхгүй. Тиймээс өөртэйгөө эн тэнцэхүйц болон өөрөөсөө илүү хүнийг сонгоно. Тиймээс л түүнийг сонгосон.

- Тулааны тов нь гарсан болов уу? Мөн бооцоого ярьж тохирсон уу? Анх 100 сая гэх яриа гарч байсан? 

Бид хоёрын тулааны тов арай гараагүй байгаа. Бооцоо гэж юм нэг их яриагүй. Г.Чинзориг 100 саяар тоглоё гэж байсан. Надад тийм их мөнгө байхгүй. Хожигдчихвол надад ч түүнд ч хэцүү шүү дээ. Миний хувьд энэ спорт бооцооны салбараа хөгжөөсэй л гэж боддог. Манай улсын холимог тулаан харьцангуй хөгжчихлөө. Тиймээс бооцоо тавьдаг зүйл хөгжвөл тамирчиддаа ч тэр үр өгөөжтэй л гэж боддог.

- Тэмцээнд ялсан тамирчин яг яах вэ? Ямар нэгэн нэмэлт шагнал ч юм уу зүйл байгаа юу?

Мэдээж тэмцээний ялагч болно. Мөн Солонгос мэргэжлийн тулааны байгууллагуудтай гэрээ байгуулна.

Бас Г.Чинзориг бид хоёрын нэг battle яваад байна шүү дээ. Дуусгаагүй юмаа дуусгана. Хэн нь аваргаа харья л гэж байгаа юм. Намайг А.Гантүлхүүртэй тоглосон ганц тулаанаар маань намайг хүмүүс байнга ялагдаж байдаг л гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Бусад тулаануудыг маань ганц удаа үзээрэй. Мэддэг зүйлээ л ярих хэрэгтэй. Мэдэхгүй юмаа битгий ам уралдан яриарайг гэж хэлмээр байна.

- Холимог тулааны спорт Монголд ямар замналаар илүү хөгжинө гэж таны хувьд боддог вэ?

Монгол Орос хоёрт л тулааны спортод холбооны дүрмээр явдаг. Бусад газар компаний дүрмээр явдаг. Энэ чинь ашгийн төлөө байгууллага шүү дээ. Бид гэтэл тасалбараа ч борлуулж чаддаггүй. Уг нь билетэн дээрээ алалцдаг, өөрсдийн гэсэн нэр хүндтэй тамирчинтай болчихсон баймаар байна шүү дээ. Би бол энэ спортыг жоохон барууны хэв маягаар хөгжүүлж, соёлжоосой гэж хүсч байгаа. Манайхан дэлхийн хөгжлөөс тээр хойн хоцроод байгаа гэдгээ л ойлгох хэрэгтээ. Гэхдээ одоо нэг үеэ бодвол харьцангуй хөгжиж байна. Цааш нь илүү сайн хөгжүүлэх л хэрэгтэй. Монголоос н.Батгэрэл гээд залуу UFC-д оролцож, гайхалтай хэдэн тулаанийг хийлээ л дээ. Одоо удахгүй н.Нямжаргал гэж залуу орох гэж байна. UFC бол дэлхийн тулааны спортын оргил байхгүй юу. Тиймээс залуус маань түүнд хүрээсэй л гэж чин сэтгэлээсээ хүсч байна даа.

- Сүүлд нь Г.Чинзоригт хандаж, хэлэх үг байна уу? Түүнийг хэдэн минутанд ялж чадах вэ?

Яг тэдэн минутанд ялж чадна гэж амлаж чадахгүй. Мэдээж хичээнэ, ялна. Г.Чинзоригт хандаж хэлэхэд янз бүрийн хүмүүсээр битгий над руу залгуулаад байгаарай. Намайг зодно л гээд байгаа. Гэхдээ санаа нь байвч сачий нь хүрэхгүй байлгүй дээ. Би чамайг бодвол аварга л гээд байгаа юм. Чи надтай таараагүй болохоороо л аварга болсон хэрэг. Хэрвээ надтай таараагүй байсан бол аварга болохгүй байсан юм.